Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх багийг чадваржуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-16 19:54:31

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх баг”-ийг чадавхжуулах цахим сургалт зохион байгуулж байна.

Тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Шүүх, Прокурор, Цагдаагийн газар  хамтран “Эрх зүйн тусгайлсан мэдлэг олгох сургалт”-ыг батлагдсан хуваарийн дагуу өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа. 

Сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, гишүүд болон хууль, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах багийн гишүүн, төрийн албан хаагчдад зориулсан тус сургалтыг Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж, үг хэллээ.

Тэрбээр хэлэхдээ Ховд аймгийн хэмжээнд 2020 онд гэмт хэрэг, зөрчил 18.5 хувь буурсан. Гэвч тодорхой төрлийн гэмт хэргүүд өссөн үзүүлэлт байв. Иймээс бид нэг баг болон ажиллаж, нийт иргэдээ соён гэгээрүүлэх, хууль сурталчлах үйл ажиллагааг сайтар зохион байгуулах, тэднийг цахим сургалтад хамруулах бүрэн боломжтой. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах чиглэлээр ажлын үр дүнгээ дээшлүүлье” гэв.

Энэхүү цахим сургалтыг Ховд аймгийн Шүүхийн Тамгын газрын ажилтан, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах М.Мянганбаяр “Захиргааны ерөнхий хууль” сэдвээр хөтлөн явуулж, нийт 17 сумын 60 гаруй төрийн албан хаагч оролцлоо.

Тус цахим сургалтыг үргэлжлүүлэн зургаан удаа зохион байгуулна. Шүүх, Прокурор, Цагдаагийн газрын мэргэшсэн төрийн тусгай албан хаагчид сургагч багшаар ажиллах юм. 

Мөн сургалтад оролцогчдод “Эрх зүйн тусгайлсан мэдлэг олгох сургалт”-ын гэрчилгээ олгож, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сумандаа үр дүнтэй зохион байгуулах мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх аж.  

関連ニュース