Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 50,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-21 11:21:40

Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс оны эхний 5 сарын байдлаар ажил олгогчдоос 239 ажлын байрны захиалга авч, 116 иргэнийг ажилд зуучлан, шинээр 30 ажлын байрыг бүртгэж, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд оруулжээ.

Мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх сургалтанд 226 иргэнийг хамруулж, хувиараа хөдөлмөр эрхлэгч 40 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аж ахуй эрхлэлтийн сургалтанд хамрууллаа. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн төслүүдийг шалгаруулж, 76 иргэнд 61,6 сая төгрөгийн, аж ахуй эрхлэх бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд 118 иргэнийг хамруулан, санхүүжилтийг нь олгоод байна.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Ховд Политехник коллежийг 2014-2015 онд төгссөн 25 төгсөгчдөд 50,0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг олгожээ.

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөр 13 сумын 65 малчдыг “Баялаг бүтээгч залуу малчин” сэдэвт 2 өдрийн сургалтанд хамруулж, мал маллагааны арга зүй, хувь хүний хөгжил, баялагт хүрэх зам ба мөнгөний тухай,  хуримтлал хэрхэн бий болгох вэ, өрхийн орлого зарлагаа тооцох  зэрэг сэдвээр мэдээлэл өгөв.

Аймгийн Засаг даргын захирамжаар Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтсээс бүрдсэн ажлын хэсэг 16 сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгуулагуудад цалин хөлсний үзлэгийг зохион байгуулжээ.

Энэ үеэр  Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хууль, Нийгмийн даатгалын хуулиуд болон холбогдох журам, заавруудын хэрэгжилтийг хянаж, зөрчил дутагдлыг илрүүлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.  

А.Бямбасүрэн

関連ニュース