Цонжин болдогийн замд хяналтын пост гаргана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд халдварын тоо болон шинэ голомт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор аймгийн Онцгой комиссын дарга
М.Идэрбат мэдээлэл хийлээ.
Тэрээр хэлэхдээ, "Сүхбаатар
аймагт халдварын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Орон нутгийн зам нээсэн
болон Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хөл хөдөлгөөн ихэссэн. Иргэд,
жолооч нар зөвшөөрөгдөөгүй замаар нэвтэрч, сумдад очиж байгаа нь халдвар тарах
эрсдэлийг бий болгож байна. Мөн Улаанбаатар хот болон өөр аймаг, сумаас халдвар зөөвөрлөгдөж
ирэх тохиолдол их байгаа учир замын хөдөлгөөн болоод зорчигчдын хяналтыг
сайжруулах зорилгоор Цонжин болдогийн замд нэмэлтээр пост гаргахаар төлөвлөж
байна.
Цаашид Сүхбаатар аймгийн
бүх сум, багаас ногоон бүс гэж сонгон зарлах боломжгүй болсон. Иргэд халдвар
хамгааллын дэглэмээ барих нь багасч, хайнга хандаж эхэлсэн. ААНБ-ууд мэргэжийн
байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг бүрэн дагаж, мөрдөхгүй байна. Тиймээс цаашид
хяналт шалгалтаа чангатгах шаардлагатай болоод байна. ААНБ, үйлчилгээний газрууд
наад зах нь хоёр дахь тундаа хамрагдаагүй иргэнд үйлчлэхгүй байх хэрэгтэй.
Цаашид халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байвал аймгийн баяр наадмыг хэрхэн
тэмдэглэх асуудал ч яригдана" гэв.
Тиймээс иргэдийг эрүүл
мэндээ хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ сахин, цар тахлыг хамтдаа даван туулахыг
уриаллаа.