Филиппинд цэргийн нисэх онгоц осолдсоны улмаас 47 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МАНИЛА. /Reuters/. Филиппиний Холо арал дээр цэргийн нисэх онгоц осолдсоны улмаас амиа алдсан хүний тоо 47 болж нэмэгдсэн тухай тус улсын Зэвсэгт хүчний командлагч Сирилито Собежана мэдээлэв.
Түүний мэдээлснээр, 49 цэргийн албан хаагч гэмтэж бэртсэн байна. Одоогийн байдлаар онгоцонд сууж явсан бүх зорчигч олджээ.
Аврагчид ослын газраас 42 цэргийн албан хаагч, гурван энгийн иргэний цогцсыг олсон гэж Филиппиний Үндэсний батлан хамгаалах яам урьд нь мэдээлж байв.
Филиппиний Агаарын цэргийн хүчний /АЦХ/ С-130 нисэх онгоц ням гарагт тус улсын баруун өмнөд хэсэгт орших Сулу бүлэг арлуудын орчимд осолджээ. Уг онгоц Кагаян-де-Оро хотоос 96 цэргийн албан хаагч тээвэрлэж байсан байна. Тэд терроризмтой тэмцэх шуурхай багийн бүрэлдэхүүнд хэт давруу үзэлтнүүд, босогчидтой тэмцэх зорилгоор Холо арал руу явж байжээ. Филиппиний АЦХ-нээс мэдээлснээр, уг онгоц нисэх онгоцны буудалд газардах үедээ хөөрөх-буух зурвасаас гарч осолдсоны дараа гал гарч эхэлсэн байна. Уг онгоцонд 85 хүн зорчиж явжээ.