Булган боомтоор барилгын материал, бараа бүтээгдэхүүн импортлох боломж бүрдүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сумын Булган хилийн боомтоор одоогийн байдлаар 1708669,85 тонн нүүрс экспортлоод байгаа аж.
Тэгвэл Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан
энэ сарын 18-нд Ховд аймагт ажиллах үeэр баруун бүсийн барилгын материалыг хангах
гол боомтын хувьд үүгээр бараа материал, ачаа тээврийн импортыг нэмэгдүүлэх
зөвшөөрөл, зохицуулалт шаардлагатай байгаа талаар тус аймгийн Онцгой комиссоос
танилцуулсан юм.
Мөн ОХУ-аас нийлүүлж
буй шатахууныг Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоос шууд Ховд аймаг руу
тээвэрлэх шийдвэрийг Улсын Онцгой
комиссоос гаргуулах саналтай байгаагаа орон нутгийн удирдлагууд уламжлав. Ингэснээр тус аймагт
шатахууны үнэ хямдрах боломжтой учраас Шадар сайдын зүгээс дээрх асуудлыг
шуурхай шийдвэрлэхээ илэрхийлжээ.
Хилийн боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг саадгүй нэвтрүүлэх бодлогыг Засгийн газраас баримталж байгаа. Ялангуяа баруун бүсийг барилгын гол бараа материалаар хангах “Булган боомт”-д халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулсны үндсэн дээр импортын ачаа тээврийг нэмэгдүүлэхэд Улсын Онцгой комиссоос ямар нэгэн хориг саад тавихгүй, харин ч дэмжих ёстой гэж албаныхан ярьж байсныг өчигдөр зарим эх сурвалжууд (Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл цахим хуудас) онцлон мэдээллээ.