Бүх нийтийн сайн дурын “Ногоон хивс” аян хэрэгжиж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Орон нутагт бүх нийтийн сайн дурын “Ногоон хивс” аян зохион байгуулахаар шийдвэрлэж, Ховд аймгийн Засаг даргын 2021 оны А\373 тоот захирамж гарчээ.
Тус аяны үйл ажиллагааг Залуучуудын байгууллагын түүхт 100 жилийн ойн хүрээнд, орон нутгийн Залуучуудын байгууллагаас санаачлан хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой.
Тодруулбал, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Залуучуудын хөгжлийн төв”, “Залуучуудын хөгжлийн зөвлөл”, “Залуучуудын холбоо”, аймгийн ИТХ, ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Цагдаагийн газар, Цэргийн анги, Шинэ Ховд Жаргалант ТҮК, төрийн болон ТББ, бүх шатны байгууллага хамтран "Ногоон хивс" аяныг зохион байгуулах бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд зориулсан хэвлэлийн бага хурлыг энэ сарын 25-нд хийлээ.
“Ногоон хивс” аяны үйл ажиллагаа ирэх аравдугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Тус аяны хүрээнд гудамж талбайд бүх нийтийн цэвэрлэгээ хийх, байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг бууруулах чиглэлээр видeо бичлэг (уриалга) бэлтгэх, авто машингүй бүс, эко бүс бий болгох зэрэг 12-13 төрлийн ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж.