Монгол дахь Энх тайвны корпусын төлөөллүүд Говь-Алтай аймагт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол дахь Энх тайвны корпусын Орон нутаг хариуцсан захирал Ким Мансарайгаар ахлуулсан баг Говь-Алтай аймагт ажиллаж, талархлын уулзалт зохион байгуулсан тухай тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Энх тайвны корпусын 30 жилийн ойн хүрээнд Орон нутаг хариуцсан захирал Ким Мансарай, Хөтөлбөрийн менежер Г.Баярсайхан, Д.Зоригтбаатар тэргүүтэй төлөөлөгчид есдүгээр сарын 1-ний өдөр Говь-Алтай аймагт зочлон, аймгийн удирдлагууд, Боловсролын газрын дарга, Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзаж, хамтын ажиллагааныхаа хэрэгжилтийг дүгнэж, талархлын уулзалт зохион байгууллаа.
Говь-Алтай аймагт 1996 оноос хойш нийт 40 сайн дурын ажилтан ажиллаж байсан бөгөөд уулзалтын үеэр Монгол дахь Энх тайвны корпусын захирал Ким Мансарай сайн дурын ажилтнууддаа хүндэтгэлтэй хандаж, тэдний тав тухтай ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлж байсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Говь-Алтай аймгийн удирдлагууд, боловсролын салбарынхны зүгээс нийт ажиллаж байсан сайн дурын ажилтнуудаа эргэн дурсаж, тэдний орон нутгийн хөгжил, ард иргэд, хүүхэд залуучуудын боловсрол, хувь хүний хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, талархаж байгаагаа илэрхийлээд цаашдын үйл хэрэгт нь амжилт хүслээ.