Бууриа цэвэрлэх аян амжилттай өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт сүүлийн
хоёр жилийн хугацаанд өрнүүлсэн "Бууриа цэвэрлээд нүүцгээе" аян үр дүнгээ
өгч байна.
Энэ зун Буянт голын хөвөөнд зусланд гарсан айл өрхүүд нүүхдээ бууриа сайтар цэвэрлэн нүүж байгаа талаар Ховд аймгийн байгаль орчны салбарынхан онцолж, холбогдох зураг, бичлэгийг цахим хуудсаар дамжуулан олон нийтэд танилцууллаа.
Мөн монгол уламжлалыг хадгалж бууриа цэвэрлэж нүүсэн айлуудын "буурь"-ийг харахад сайхан байна хэмээн зарим иргэд ярьж байв.
Ховд аймгийн төвд амьдардаг 1000 гаруй өрх Буянт голын хөвөөнд зусланд гарсан. Улмаар хүний буруутай үйл ажиллагаа, зарим хүчин зүйлээс шалтгаалан голын эрэг дагуу хог хаягдал, орчны бохирдол үүсчээ.
Монголчууд нүүдэл суудал хийхдээ хуучин бууриа цэвэрлэхгүй нүүхийг цээрлэдэг. Хог хаягдлыг цэвэрлэж нүүхгүй бол газар нутгийн сахиус хилэгнэнэ, шинэ нутаг ээлгүй болно гэж үздэг. Иймээс “Буянт голын хүүхдүүд” аяны хүрээнд Ховд аймгийн байгаль орчны салбар байгууллагуудын зүгээс "Бууриа цэвэрлээд нүүцгээе" аяныг эхлүүлсэн юм. Энэ хүрээнд салбарын мэргэжилтнүүд айл өрхүүдэд уриалга, мэдээлэл хүргэсэн бөгөөд улмаар иргэд гэрийн буурь болон орчны хог хаягдлыг сайн дураараа цэвэрлэж, нүүхдээ авч явж байгаа гэнэ.
Өдгөө намрын сэрүүн өдрүүд үргэлжилж байгаа тул зусланд гарсан айл өрхүүд нүүдэл хийж байгаа нь энэ юм.

