Малын шилжилт хөдөлгөөн, туувар, тээвэрлэлт хийхгүй байхыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар Мал эмнэлгийн газрын МАЭМА-ны дарга Б.Мөнхбаатараас тодрууллаа.
-Шүлхий өвчний халдварын тохиолдол хэдэн суманд бүртгэгдсэн бэ?
-Тус аймагт 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс малын гоц халдварт шүлхий өвчин оношлогдож, тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд Ховд аймгийн 8 сумын 9 багт шүлхий өвчин дэгдэж, нийт 113 өрхийн 6033 мал шүлхий өвчнөөр өвчилж, 232 мал хорогдсон.
Одоогийн байдлаар Булган, Үенч, Алтай, Мөст, Мөнххайрхан, Манхан сумын нутаг дэвсгэрт шүлхий өвчин намжиж, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг татан буулгасан боловч аравдугаар сард Буянт, Дарви суманд шүлхий өвчний шинэ голомт үүсэж, хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
-Сумдад хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан хэчнээн хяналтын цэг, эргүүл ажиллаж байгаа вэ?
-Шүлхий өвчинтэй тэмцэх ажлыг “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор баталсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”, Мал эмнэлгийн eрөнхий газрын даргын баталсан 2019 оны “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх заавар”-ыг баримтлах замаар аймаг, сумдын Засаг дарга, Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж, тус өвчин илэрсэн 8 суманд хорио цээрийн байнгын ажиллагаатай 30 хяналтын цэг болон 20 хөдөлгөөнт эргүүл ажиллууллаа.
Мөн мал эмнэлгийн газрын даргын албан даалгавар нэг, тушаал тав, сумдын Засаг дарга, Мал эмнэлгийн тасаг, нэгж малчдад хандсан нийт 16 төрлийн албан бичиг, үүрэг чиглэл, сэрэмжлүүлэг, мэдэгдэл гарган сум орон нутагт хүргэж, цахим орчинд шүлхий өвчнөөс сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээлэл түгээсэн.
-Шүлхий өвчний голомтод ариутгал хийх, малыг вакцинжуулах ажил хэрхэн өрнөв?
-Өвчлөл гарсан сумдын 360 өрхийн 195.0 мянган мал, голомтын болон сэжигтэй бүсийн 266.4 мянган мeтр квадрат талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.
Энэ хугацаанд Ховд аймгийн 10 суманд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтын ажил зохион байгуулсан бөгөөд Булган, Үенч, Алтай, Мөст, Мөнххайрхан, Манхан, Зэрэг, Дуут гэсэн 8 сумын 1597.6 мянган толгой малыг вакцинд бүрэн хамруулсан дүн мэдээтэй байна.
-Цаашид халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгаа юу?
-Өнөөдрийн байдлаар шүлхий өвчний халдвар илэрсэн Буянт, Дарви сумын гурван голомтод 11 өрхийн 33 мал өвчилж, халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна.
Ховд аймагт шүлхий өвчнөөс сэргийлэх вакцины нөөц дууссан тул цаашид Буянт суманд илэрсэн шүлхий өвчний халдварыг Буянт, Ховд гол болон Хар ус нуурын сав газраар Мянгад сум руу тархах, Дарви суманд гарсан шүлхий өвчний халдварыг Чандмань сум, Говь-Алтай аймгийн хил залгаа сумд руу тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдал, Цагдаагийн газар зэрэг хүчний байгууллагын дэмжлэг авч, хяналтын цэгүүдийг нэмэгдүүлэн хамгаалах арга хэмжээг ирэх 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд шат дараатай зохион байгуулах талаар дээд шатны байгууллагад хүсэлт тавьсан.
Мөн энэ хугацаанд шүлхийн халдвар голомт илэрсэн Буянт, Дарви сум болон халдвар дамжин тархах өндөр эрсдэлтэй бусад 7 сумын 1.9 сая малыг ирэх 11 дүгээр сард багтаан шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад хамруулах хүсэлтийг Мал эмнэлгийн eрөнхий газарт хүргүүлээд байна.
-Тэгвэл орон нутгийн малчид, иргэд юунд анхаарах шаардлагатай вэ?
-Шүлхий өвчин гарсан зарим сумын иргэд өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан хорио цээрийн дэглэм зөрчих тохиолдол бүртгэгдэж буй. Иймээс малчид, иргэд болон мал, махны үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид хэд хэдэн асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллахыг уриалж байна. Үүнд:
Нэгдүгээрт, малын гоц халдварт шүлхий өвчнийг богино хугацаанд таслан зогсоохгүй бол хүйтний улиралд уг өвчний вирус идэвхжиж, халдвар улам бүр тархан, мал сүрэг өвөл, хаврын улирлыг өнтэй давах асуудалд маш хүнд цохилт болно. Иймд иргэн бүр хариуцлагатай байж, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөж, ялангуяа өвлийн хүнс бэлтгэх, нөөцлөх цаг ирж буй энэ үед өвчин гарсан бүс нутгаас гадагшаа амьд мал тээвэрлэх, тууварлахаас татгалзаж, хүнсний хэрэгцээний мах, сүүнд аймаг, сумын Мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагаас гэрчилгээ, зөвшөөрөл авч байхыг албан ёсоор мэдэгдьe.
Хоёрдугаарт, малчид дураараа баг, сум дамжин отор нүүдэл хийхгүй байх, сумын Мал эмнэлгийн тасагт мэдэгдэхгүйгээр малын шилжилт хөдөлгөөн, туувар, тээвэрлэлт хийхгүй, шүлхий өвчний голомт бүрэн устаж, тайван болтол өөрийн сум, баг, нутагтаа мал сүргээ маллаж өвөлжиж, хаваржихыг уриалж байна.