16 сумын Соёлын төвд хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмж олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн 16 сумын Соёлын төвд нэн шаардлагатай хөгжмийн зэмсэг, зарим тоног төхөөрөмжийг олгож, батламж гардууллаа.
Үүнд 200 орчим сая төгрөгийн өртөг бүхий 194 төрлийн хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмж багтсан байна.
Сумдаас ирүүлсэн санал хүсэлтийн дагуу шаардлагатай хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмжүүдийг олгосноор орон нутгийн соёл урлагийн салбар байгууллагуудын үйл ажиллагаа өргөжих, цаашлаад ардын урлагийг түгээн дэлгэрүүлэх боломж бүрдэж байна гэж албаныхан хэллээ.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд тус ажлыг хэрэгжүүлснээрээ онцлогтой.
Ташрамд, аравдугаар сарын 30-нд монгол хөөмийг 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж, Гиннесийн номд бүртгүүлсэн түүхэн өдөр тохиосон. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн ЗДТГ, Соёлын хэлтэс хамтран аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд хөөмийн урлагийг сурталчлах аян өрнүүлж байна.
Аяны хүрээнд орон нутагт хөөмийн урлагийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий хэд хэдэн ажил зохион байгуулжээ. Үүний нэг бол хөөмийн урлагийг сонирхогч болон мэргэжлийн уран бүтээлчид дунд зохион байгуулсан хөөмийн цахим уралдаан юм. Өнөөдөр хөөмийн цахим уралдааны шилдэг оролцогчдыг шалгаруулж, шагнаж урамшууллаа. Мөн шилдэг оролцогчдоос бүрдсэн “Ховд open” цахим тоглолтыг орон нутгийн “Олон ястны телевиз”, тус телевизийн цахим хуудсаар шууд дамжуулан олон нийтэд түгээсэн юм.
Хөөмийн цахим уралдааны сонирхогчдын ангилалд: Чандмань сумаас оролцсон Б.Минжээсүрэн, М.Батцоож, М.Дармаа нар тэргүүн байр эзлэв. Мөн Р.Даваажав, Д.Батзаяа, Б.Золбоо нар хоёрдугаар байрт, О.Пүрэвдорж гуравдугаар байрт тус тус шалгарлаа.
Харин мэргэжлийн ангилалд: Хөгжимт драммын тeатрын уран бүтээлч Д.Золзаяа тэргүүн байр, Х.Ганзориг дэд байр, Ч.Баатарсүрэн гуравдугаар байрт тус тус шалгарч, шагналаа гардан авав.
Цаашид мөн ардын урлагийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах, сард нэг өв соёлыг сурталчилсан аян өрнүүлэх зорилго, төлөвлөгөө байгаа талаар холбогдох мэргэжилтнүүд хэллээ.