Малын хулгайн гэмт хэрэг 12 бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. 2021 оны эхний eсөн сарын байдлаар Ховд аймгийн хэмжээнд малын хулгайн гэмт хэрэг 12 бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 нэгжээр буурсан дүн мэдээ аж. Харин одоогоор мал хулгайлах эзэнгүй хоёр хэргийг цагдаагийн газраас илрүүлж, холбогдох газарт нь шилжүүлэн ажиллаж буй.
Иргэдийн өвлийн хүнс (идэш) бэлтгэлийн хугацаа болж байгаа тул малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Мал, мах” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ цагдаагийн байгууллага, иргэд гэсэн хамтын оролцоотойгоор мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг явуулах аж.
Мөн цаашид Ховд аймаг дахь Цагдаагийн
газраас байнгын хяналтын цэгт алба хаагчдыг тогтмол үүрэг гүйцэтгүүлэх, мал
төхөөрөх газар, зоорь, махны зах, худалдааны төвүүдэд эргүүл хийж, хяналт
тавих, мал махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж,
байгууллагуудын дарга, эрхлэгч нартай уулзалт зохион байгуулах, гэрээ хийх ажлыг
шат дараатай зохион байгуулахаар төлөвлөсөн.
Одоогийн байдлаар тус аймагт мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авто зам дагуу
болон мал, махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны цэг орчимд мэдээллийн
самбаруудыг байршуулж байна.
Мөн Булган сум дахь Сум
дундын цагдаагийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
салбар зөвлөлтэй хамтран "Мал, мах-2021" нэгдсэн арга хэмжээний
бэлтгэл ажлын хүрээнд Баянгол багийн иргэдийн нийтийн хурлыг хэсэгчилсэн
байдлаар зохион байгуулж, гурван чиглэлд малчдын бүлэг, нөхөрлөл байгуулж, энэ
төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж ажилласан гэж албаныхан мэдээллээ.
Цагдаагийн ерөнхий газрын удирдамжийн дагуу жил бүр “Мал мах” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд тодорхой хугацаатайгаар зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд “Мал мах” нэгдсэн арга хэмжээ 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэх ба 12 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх юм.



