Хүнсний ногооны үнэ тогтвортой байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн зах, худалдааны төвүүдэд хүнсний ногооны үнэ тогтвортой байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлэл ирүүллээ.
Өнөөдрийн байдлаар өргөст хэмх кг тутамд 10 мянга, улаан лооль 5-6 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн байцаа 1200-2000, лууван, манжин 1800-2000, төмс 500-700 төгрөг, сонгино 2500-4000, саримс кг тутамд 25-30 мянга, ширхэг нь 1500-2000 төгрөгөөр борлуулж байна.
Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас сард хоёр удаа "Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ханшийн судалгаа" хийдэг. Тус судалгаанаас үзэхэд хүнсний ногооны үнэ буураагүй, сүүлийн саруудад тогтвортой байна гэж албаныхан хэллээ.
Одоогоор Ховд аймгийн
хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид “Эвийн хүч” худалдааны төвийн "Ховдод
үйлдвэрлэв-2" борлуулалтын цэг дээр бараа бүтээгдэхүүнээ төвлөрүүлэн
худалдаж буй. Энд ихэвчлэн нөөшилсөн, зоорилсон ногоо, бусад төрлийн
бүтээгдэхүүн байгаа юм.
Хилийн боомтоор орж
ирэх бараа бүтээгдэхүүн гацсан тул зарим жимс, өргөст хэмх, чинжүүний нөөц аймагт тасарчээ. Одоо ихэвчлэн орон нутгийн үржил шимт хөрсөнд ургасан төмс,
хүнсний ногоо, жимс жимсгэнэ, шар хулуу, шилтэй даршилсан ногоо, өргөст хэмх худалдаж байна.
Мөн зарим орон нутгийн
газар тариалан эрхлэгчид хэлэхдээ “зуны хүлэмж ашиглан тарьсан нарийн ногоог худалдаж дууссан. Хэрвээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих замаар өвлийн
хүлэмжийн тоог нэмэгдүүлбэл нарийн ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломж
харагдаж байна” гэлээ.
Өдгөө Ховд аймгийн "Бүжин"
брэнд хүнсний салбартаа шинэчлэл хийж, бүтээгдэхүүнээ шинэ сав, баглаа боодол, хаяг шошготой болгожээ.
Тодруулбал, алаг салат,
хүрэн манжингийн салат, даршилсан ногооны цуглуулга зэрэг бүтээгдэхүүнийг
зориулалтын сав, баглаа боодолтойгоор зах зээлд нийлүүлж эхэллээ.
Мөн энэ намар өөрсдийн тарьсан түүхий эд буюу дөрвөн сортын өргөст хэмх, бусад ногоог даршлан, нөөцөлсөн. Улмаар том шилтэй өргөст хэмх 5000, жижиг шилтэй нь 3000 төгрөгийн үнэтэй борлуулж байна.

