Иргэн Б.Бадамхорлоо архины шил цуглуулж, худалдан авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-04 18:00:24

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн иргэн Б.Бадамхорлоо байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд нэгдэж, 1994 оноос эхлэн шар айраг, архины шил цуглуулж, худалдан авч байна.  

Тэрбээр шилний хог хаягдлыг багасгах, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар байгальд ээлтэй хэрэглээний соёлыг бий болгохоор зорьж буй “АПУ” ХХК-тай хамтран ажиллаж, цуглуулсан шилээ тодорхой үнээр нийлүүлж байгаа юм. 

Иргэн Б.Бадамхорлоо нь гудамж талбайд ил задгай хаясан архи, шар айргийн шил цуглуулдаг. Үүнээс гадна баар, зоогийн газраас архины шил 20-40 төгрөгөөр худалдан авч эхэлжээ. Мөн шар айргийн лаазыг кг тутамд 500 төгрөгөөр худалдан авдаг аж.   

Тэрбээр жилд 40-45 мянган ширхэг шил цуглуулж, тээвэрлэлт хийдэг гэнэ.   

Цаашид иргэд, олон нийтийн оролцоотойгоор жилд дунджаар 200 мянга орчим шил цуглуулж, нийлүүлэх боломж байна. Өчигдөр хоёр үйлчилгээний газар (баар)-аас тус бүр 1000 шил авсан гэж иргэн Б.Бадамхорлоо ярив. Мөн орон нутгийн иргэд уусан архины шилээ гудамж, талбай, нуур, голын ай сав дагуу ил задгай хаяж, байгаль орчныг бохирдуулдаг сөрөг хандлагаас татгалзаж, шар айраг, архины шилийг нэг цэгт төвлөрүүлэх, цуглуулж худалдах ажилд нэгдэхийг "Ховд.мн" цахим хуудсаар дамжуулан уриалав.    

Ховд аймагт архи согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 300 гаруй аж ахуйн нэгж бий. Нэг баар, зоогийн газар 7-10 хоногт 2000 гаруй архи, шар айргийн хаягдал шил гаргадаг. Хог хаягдлын 20-30 хувийг архи, шар айргийн шил эзэлж байна гэх судалгаа бий. 

Иймээс архи согтууруулах ундаа үйлдвэрлэгч, худалдан борлуулагч нь хаягдал шилийг боломжит үнээр худалдан авч, буцааж татдаг нөхцөл бүрдүүлэх нь чухал гэж зарим иргэд хэллээ. 

Аливаа шилийг ангилан ялгаж, байгальд шууд хаяхгүйгээр дахин ашигласнаар түүхий эд, орц найрлагад орох байгалийн нөөц баялгийг хэмнэх, улмаар шил шинээр үйлдвэрлэхээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ингэснээр уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулах зэрэг байгаль экологийн олон давуу талтай болохыг мэргэжилтнүүд тодорхойлсон аж.   


 

関連ニュース