Жишиг гудамжны тохижилтын ажлыг чанартай гүйцэтгэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-10 15:42:23

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх тэргүүтэй ажлын баг өнөөдөр аймгийн төвд хийж буй зарим тохижилтын ажлын явцтай танилцлаа.

Тодруулбал, аймгийн төв буюу Жаргалант сумын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилтыг сайжруулах, гэр хорооллын бүсийн айл өрхүүдийн хашааг засч, нэгэн жигд болгох, өнгө үзэмжийг дээшлүүлэх зорилго бүхий “Жишиг гудамж” байгуулах ажил 2020 оноос эхлэн өрнөж буй.

Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниуд хамтран гэр хорооллын бүсийн Наран, Рашаант зэрэг хэд хэдэн багт жишиг гудамжны тохижилтын ажил хийсэн.

Тэгвэл одоогийн байдлаар Бугат, Хайрхан, Бичигт, Тахилт, Баатархайран, Буянт, Цамбагарав багийн нутаг дэвсгэрт энэ ажлыг шат дараатай гүйцэтгэж байна. 

Цамбагарав багийн тухайд орон нутгийн төсвийн 103.8 сая төгрөгийн санхүүжилтээр хийж буй жишиг гудамжны тохижилтын ажил 60 орчим хувьтай явж байгаа. 

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх тэргүүтэй ажлын баг тус ажлыг гүйцэтгэгч “Тахилаг хар” компанийн төлөөлөлтэй уулзаж, ажлын гүйцэтгэлтэй холбоотой хэд хэдэн зөвлөмж, чиглэл өгөв. Мөн ажлын явцад илэрсэн зарим зөрчил, дутагдлыг арилгах талаар санал солилцсон юм. Энэ үeэр айл өрхүүдийн хашааг засч, нэгэн жигд болгох явцад чанар, аюулгүй байдалд анхаарч, тохижилтын ажлыг стандартын дагуу үр дүнтэй гүйцэтгэх нь хамгийн чухал болохыг албаныхан анхааруулж хэллээ.  

関連ニュース