Хүнсний эрхийн бичиг олгох ажилд хяналт тавьж, зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-12 18:16:16

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээнд өрх, иргэдийг хамруулсан байдал, зарцуулсан хөрөнгө, үр дүнд хяналт шалгалт хийжээ.

Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө, холбогдох удирдамжийн дагуу Ховд аймгийн Хөдөлмөрхаламжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн сангийн Хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээнд өрх, иргэдийг хамруулсан байдал, зарцуулсан хөрөнгийн 2020 он болон 2021 оны 1-3 сарын үйл ажиллагаанд шалгалт хийсэн байна.  

Хяналт шалгалтын явцад Ховд аймгийн Буянт, Үенч, Дуут, Дөргөн, Дарви, Зэрэг, Манхан, Мөст, Мөнххайрхан, Мянгад, Чандмань, Эрдэнэбүрэн, Цэцэг гэсэн 13 сумын 351 өрхийн хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээнд хамрагдсан байдал, хувийн хэргийн бичиг баримтыг тулган үзжээ.

Энэ үeэр хүнсний эрхийн бичигт хамрагдсан иргэний хувийн хэрэгт байгаа иргэний үнэмлэх, багийн Засаг даргын гаргаж өгсөн тодорхойлолтын хаягууд зөрүүтэй, хүүхдийн төрсний гэрчилгээгүй, хаягийн зөрчилтэй, хувийн хэрэг огт байхгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Мөн хувийн хэргийн хөтлөлт, баяжуулалт хангалтгүй, сумдын Амьжиргааг дэмжих зөвлөл”-ийн үйл ажиллагаа нь хүнс тэжээлийн хөтөлбөрийн хүрээнд буюу хүнсний эрхийн бичигт хамрагдах айл өрхийг дэмжих хурлаар тэр болгон шийдвэрлэхгүй, удаашралтай байгаа зэрэг зөрчил илэрлээ. 

Түүнчлэн шалгалтын хугацаанд хүнсний эрхийн бичгийн зарцуулалтад хавсаргасан тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нэхэмжлэл, зарлагын баримт нь зөрүүтэй байх, засвартай зэрэг санхүүгийн анхан шатны маягтын хөтлөлтөд хяналтыг бүрэн тавьсан. Улмаар санхүүжилт олгох, өрхийн хувийн хэргийн хөтлөлт, баяжуулалтад анхаарах зарим асуудлын хүрээнд, зөрчлийг бууруулах чиглэлд холбогдох байгууллагын мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгч ажилласан гэж Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.    

  

関連ニュース