Дөргөн сумынхан тэмээн сүргээ омог болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дөргөн сум тэмээн сүргээ омог болгох зорилгоор судалгаа хийж эхэлсэн байна.
Тодруулбал, Ховд
аймгийн хэмжээнд 2020 оны байдлаар 25685 толгой тэмээ байна. Үүнээс Дөргөн
суманд хамгийн олон буюу 5000 гаруй тэмээ бий.
Энэ нутгийн онцлог, бэлчээр,
ургамлын төлөв байдлаас шалтгаалан малчид шилмэл тэмээ сонгон үржүүлж, тэмээнээс
авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч ирсэн уламжлалтай.
Иймдээ ч 2021 онд Мал
аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн болон аймаг, сум орон нутгийн
мэргэжлийн байгууллагууд, малчид хамтран Дөргөн сумын тэмээг омог болгох чиглэлээр
судалгааны ажил хийжээ. Уг судалгааны ажил эхний шатандаа явж байгаа бөгөөд
цаашид шат дараатай үргэлжилнэ гэж албаныхан хэллээ.
Дөргөн сумын малчдын үржүүлж буй тэмээ албан ёсны үүлдэр болон батлагдвал тус тэмээний төрөлхөг чанар, ноосны гарц, түүхий эд зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд нэг нэршлээр хэвшүүлэх аж. Мөн энэ нутгийн тэмээ нь эрс тэс байгаль цаг уурын нөхцөлд бэлчээрээр маллахад зохицсон мах, өөх, ноос зэрэг ашиг шим, биологийн чадамж өндөртэй гэж малчид үзэж байна.