Чихрийн шижин өвчний эрт илрүүлэг, оношилгоог сайжруулах шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-11 15:10:58

Ховд /МОНЦАМЭ/. Чихрийн шижин ба чихрийн шижингийн ретинопатийн тусламж үйлчилгээний загвар бий болгох төсөл Ховд аймагт хэрэгжиж байна. 

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч, холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл энэ сарын 10-ны өдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудтай уулзаж, уг төслийн зорилго, зорилт, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцууллаа.

Мөн өвчлөл, эндэгдлийн зонхилох хувийг эзэлж буй халдварт бус өвчин, үүний дотроос чихрийн шижин, түүний шалтгаант нүдний хүндрэлд чиглэсэн тусламж, үйлчилгээний загвар бий болгох төслийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх ажил, зарим тулгамдсан асуудал, хамтран ажиллах шинэ боломжуудын талаар санал солилцов.  

Сүүлийн жилүүдэд иргэд чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлал нэмэгдэж байна. Судалгаанаас үзэхэд Монгол Улсад 20-79 насны 1000 хүн амд 99.3 тохиолдол буюу насанд хүрсэн 20 хүний нэг нь чихрийн шижин өвчтэй байна. Нийт тохиолдлын 71.3 хувь нь оношлогдоогүй, жилд 1330 хүн уг өвчний улмаас нас барах магадлалтай байгаа аж. Харин чихрийн шижингийн ретинопатийн тархалт 22.3 хувьтай, түүнээс шалтгаалсан эргэж сэргэшгүй хараа алдалт 6.2 орчим хувийг эзэлж буй.

Ховд аймгийн хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 640 гаруй хүн чихрийн шижин өвчинтэй гэж  оношлогдож, мэргэжлийн эмчийн хяналтад байна. Үүнээс 45 хүн 2021 онд шинээр чихрийн шижин өвчинтэй гэж тогтоогджээ. 

Эмч нар хэлэхдээ, сүүлийн жилүүдэд энэ төрлийн өвчлөл нэмэгдэж, орон нутагт жилд дунджаар 40-50 хүн чихрийн шижинтэй гэж шинээр оношлогдож байна. Уг өвчнөөс сэргийлэх боломж бий. Цаашид өвчний эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ болон хяналтын тогтолцоог ахисан шатанд гаргах чиглэлд анхаарах, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна гэв.  

Чихрийн шижин ба чихрийн шижингийн ретинопатийн тусламж үйлчилгээний загвар бий болгох төслийн үйл ажиллагаа 2023 он хүртэл үргэлжилнэ. 

Уг төсөл нь Ховд аймгаас гадна Улаанбаатар хот, Дархан-Уул аймагт хэрэгжиж байна. Төслийн үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам, Орбис Интернейшнл байгууллага зэрэг эрүүл мэндийн салбар байгууллагууд хамтран зохион байгуулж буй.

Ташрамд, чихрийн шижин өвчин нь биеийн жингийн илүүдэл, хөдөлгөөний хомсдол, зохисгүй хооллолт гэх мэт амьдралын буруу хэв маягаас үүсдэг.   

Чихрийн шижингийн улмаас цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр хүний бие махбод инсулин үйлдвэрлэх болон инсулинд хариу үйлдэл үзүүлэх чадвар багасдаг байна.

Энэхүү өвчний эхэн үеийн шинж тэмдгүүд нь маш түгээмэл учраас иргэд тэр болгон ач холбогдол өгдөггүй. Гэтэл чихрийн шижинг эмчлэхгүй байх нь иргэдийн амьдрах хугацааг богиносгож, эрүүл мэндэд сөрөг үр дагавар учруулдаг аж.

Иймээс чихрийн шижин өвчнийг аль болох эрт оношилж, эмчлүүлэх нь зүйтэй. Хооллолт, дасгал хөдөлгөөнийг нэн тэргүүнд анхаарах учиртай гэж мэргэжлийн эмч нар хэллээ.   

関連ニュース