Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг дахин хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-13 11:49:36

Ховд /МОНЦАМЭ/. Жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар 2012 оноос хойш Ховд аймгийн салбар хороо ажиллаж байна.  

Улмаар 2017-2020 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөрийг батлан, үндсэн хоёр үе шаттай хэрэгжүүлсэн юм. Ингэхдээ тэргүүлэх чиглэлийн 25 үйл ажиллагаанаас 23 нь хэрэгжиж, 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байсан. 

Гэвч одоогоор орон нутгийн иргэдийн жендэрийн талаарх мэдлэг ойлголт төдийлөн хангалттай бус байгаа аж. Мөн судалгаанаас үзэхэд Ховд аймагт 2020 оны байдлаар эрэгтэйчүүд 69.35, эмэгтэйчүүд 75.38 насалж, дундаж насны зөрүү 6.03 байна.

Иймээс орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг жендэрийн мэдрэмжтэй болгох, нийтийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, нийгмийн бүхий л орчинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, сайжруулах зорилгоор Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 81 дүгээр тогтоол гаргаж, дээрх хөтөлбөрийг 2021-2024 онд дахин үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийджээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд салбар дундын уялдааг хангах замаар жeндэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийг сайжруулах, иргэд, олон нийтэд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах, хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхалттай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хэрэгжүүлэх зорилт дэвшүүлжээ.

  

 

関連ニュース