Оны шилдэг уншигчийг шалгаруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн оны шилдэг уншигчийг шалгаруулах "Судар
эгшиглэн-2021" төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. Нэг жилийн турш үргэлжилсэн уралдаанд
309 хүн хамрагдаж, нийт 1182 ширхэг ном уншиж, тэмдэглэл хөтөлжээ. Төслийн хамгийн залуу оролцогч дөрвөн настай, хамгийн ахмад нь 74 настай уншигч байлаа.
Уралдааныг хоёр насны ангиллаар явуулсан бөгөөд насанд хүрэгчдийн ангилалд Сүхбаатар сумын хувиараа хөдөлмөр эрхлэгч И.Даваадулам, хүүхдийн ангилалд Баруун-Урт сумын ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагч Б.Нандинцэцэг түрүүллээ. Мөн ангилал тус бүрд эхний таван байрыг шалгаруулсан юм.
"Судар эгшиглэн-2021" төслийг УИХ-ын гишүүн Н.Ганибал ивээн тэтгэсэн бөгөөд нийт 14 сая төгрөгийг
зарцуулжээ. Мөн энэ сарын эхээр Соёлын яамны ажлын багийнхан тус аймагт ажиллах
үеэр төслийн үйл ажиллагаатай танилцаж, 4,5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн
байна.










