60 гаруй хүн шагайн харваагаар хичээллэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-22 16:46:11

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд шагайн харвааны спортоор хичээллэдэг 60 гаруй харваач бий. Үүнд Монгол Улсын хүндэт харваач долоо, аймгийн гоц мэргэн 25, аймгийн мэргэн 12 байна.

Онцлоход, Ховд аймгийн хамгийн отгон аймгийн гоц мэргэн харваач нь Цэвэгжавын Пүрэвхүү юм. Монголчуудын соёлын өв болох шагайн харвааны спортыг түгээн дэлгэрүүлж яваа түүний цолны мялаалга тэмцээн өнгөрсөн долоо хоногт спортын ордонд болжээ.    

Энэхүү тэмцээн нь багийн, цуваа харваа гэсэн хоёр төрлөөр өрнөв. Тэмцээнд Монгол Улсын хүндэт харваач Д.Сүхбаатар тэргүүтэй 60 харваач оролцсон байна.

Улмаар тэмцээний багийн харвааны төрөлд аймгийн гоц мэргэн Б.Нармандах ахлагчтай Хос алтай баг тэргүүн байр эзэллээМөн аймгийн гоц мэргэн Б.Мөнгөншагай ахлагчтай Ховд дулааны станц ТӨХК-ийн хоёрдугаар баг дэд байртаймгийн гоц мэргэн М.Энхжаргал ахлагчтай Ховд дулааны станц ТӨХК-ийн нэгдүгээр баг гуравдугаар байрт тус тус шалгарав.

Харин цуваа харвааны төрөлд аймгийн гоц мэргэн М.Энхжаргал, Г.Хадбаатар, Б.Мөнгөншагай, аймгийн мэргэн Г.Тэмүүлэн, залуу харваач Б.Галбаяр нар эхний таван байрт шалгарчээ. 


Шагайн харваа нь XIII зууны үед үүссэн бөгөөд 2001 оноос эхлэн үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болжээ.

Зурхайнаас 9 тохой буюу 4.72 метр зайнаас харвадаг. Зурхайн голд байх хасааг онох бөгөөд харвах хэрэгслийг хашлага, сум гэнэ. Хашлаган дээр сумаа тавьж байгаад нясалж харвана. Анх далны ясан дээрээс шагай нясалдаг байжээ. Эдүгээ хашлагыг хар сэндэм, цагаан зандан модоор хийж, сумыг яшил, хар суман мод, эсвэл бугын эвэр, зааны ясаар хийнэ.

Шагайн харвааны үеэр уухайлдаг.  Шагай харвадаг хүн  ямар нэгэн зүйлд нухацтай хандах, зөв шийдвэр гаргах, хүлээцтэй байх зэрэг чадвар эзэмшдэг бөгөөд түүнд байх ёстой зайлшгүй чанар бол тэвчээр, мэдрэмж хоёр ажээ.

Сум тавихаас өмнө харваач өрсөлдөгчийнхөө харц гэх мэт бэрхшээлийг мартах учиртай. Шагайн харваа нь нэг төрлийн бясалгал, дотоод сэтгэлгээний өрсөлдөөн бөгөөд баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг сайн талтай гэж ахмадууд хуучилдаг

関連ニュース