Нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Өнгөрсөн арав хоногт Ховд аймгийн ихэнх сумын нутгаар 6.7 мм цас орсон бөгөөд өндөр уулын бүсийн сумдын нутгаар салхи шуургатай байлаа.
Одоогийн байдлаар нутгийн 60 орчим хувьд нь цасан
бүрхүүлтэй, 40 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтоогүй байна.
Тодруулбал, энэ оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Алтай, Үенч суманд 4 см, Булганд 3 см, Зэрэгт 2 см байна. Харин Жаргалант, Чандмань, Манхан, Мянгад суманд 1 см зузаан 10 баллын цасан бүрхүүлтэй, Дарви суманд 0 см 4 баллын цастай байгаа бол Алтайн өвөр говийн сумдын уулаараа 5-10 см, хунгарласан газраа 15-20 см, Алтайн салбар уулсаар цастай байна. Мөст, Дуут, Цэцэг, Ховд, Эрдэнэбүрэн, Дөргөн сумын нутгаар одоогоор цасан бүрхүүл тогтоогүй байна.
Өнөөдөр Жаргалант, Манхан, Мөст, Ховд, Дарви, Мөнххайрхан
сумын нутгаар цас орж байна. Маргаашаас нийт нутгаар хүйтний эрч эрс чангарна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс
мэдээллээ.