Дарви сумын нутагт газар хөдөллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд
/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багийн нутаг,
Сутай хайрхан уулын бэлд Баясгалантын ам, Овоон дэн гэх газарт газар хөдөллөө.
Тодруулбал, өнөөдөр орон нутгийн цагаар 7 цаг 49 минутад Ховд аймгийн Дарви сумаас баруун урд зүгт 27 км зайд магнитуд нь M=4.9 –тэй газар хөдөллөө. Мөн энэ өдөр орон нутгийн цагаар 8 цаг 05 минутад Ховд аймгийн Дарви сумаас баруун урд зүгт 12 км зайд магнитуд нь M=4.3 –тай газар хөдлөлт болжээ.
Дарви, Цэцэг, Зэрэг, Дарви, Мөст, Чандмань сумын иргэд тус газар хөдлөлтийг нэлээд мэдэрсэн байна. Иргэдийн ихэнх нь хүнгэнэсэн дуу гарч, машин явж өнгөрөхтэй төстэй чичирхийлсэн, яндан зуух харшин дуугарах, дотор муухайрах, толгой эргэх зэргээр мэдрэгдсэн гэж мэргэжлийн байгууллагад судалгаа өгчээ.
Үүнээс үзэхэд уг газар хөдлөлтийн хүч нь урьдчилсан байдлаар IV-V балл (магнитуд) мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас байшин барилгад ямар нэгэн цууралт, гэмтэл үүсээгүй гэж Одон орон геофизикийн хүрээлэн Ховд салбараас мэдээллээ.