Чулуун тээрэм ашиглан бор гурил үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Зэрэг сумын иргэн С.Артур, С.Алтанцэцэг нар чулуун тээрэм ашиглан бор гурил үйлдвэрлэж байна.
Монголчууд эрт үеэс
тариа тарьж, бор гурил үйлдвэрлэн хүнсэндээ өргөнөөр хэрэглэж ирсэн
уламжлалтай. Энэхүү уламжлалыг С.Артурын гэр бүлийнхэн хадгалж буй. Нөгөө
талаар уламжлалт аргаар үйлдвэрлэж байгаа эко бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд ач
тустай.
Үүнээс онцлоход, Зэрэг сумын иргэн С.Артур, С.Алтанцэцэг нар орон нутгийнхаа хөрсөнд өөрсдийн тарьж
ургуулсан хөх тариагаар бор гурил үйлдвэрлэх ажлыг сүүлийн гурван жилийн турш хийж байна.
Энэ жил ургац сайн
байсан тул 3.5 тонн тариа хураан авчээ. Улмаар ахмад үeийнхнээс суралцсан
туршлагын дагуу өдөрт 20-25 кг тариаг хуурч болгон, 23 кг гурил үйлдвэрлэж, зах
зээлд нийлүүлдэг аж.
“Эрүүл мэндэд ач тустай учраас энэхүү гурилын үйлдвэрлэлийг өргөжүүлэх алсын зорилготой ажиллаж
байна” гэж тус өрхийн
үйлдвэрлэл эрхлэгчид ярьж байв.
Одоогоор таван хүнийг
ажлын байраар хангажээ. Нэг ажилтан өдөрт 10-15 кг гурил тээрэмдэж, сард 600
мянга хүртэлх төгрөгийн цалин авч байна.
Ийнхүү орон нутагт шинээр
ажлын байр бий болгох, цаашлаад жижиг, дунд, өрхийн үйлдвэрээр дамжуулан өөрийгөө
болон бусдыг тогтмол орлоготой болгох боломж байгаа талаар хэллээ.