Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарт 1345 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-30 17:58:33

Ховд /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурлыг өнөөдөр Ховд аймагт зохион байгууллаа.

Тус хурлын үйл ажиллагаанд аймгийн удирдах ажилтнууд болон эрүүл мэндийн салбар байгууллагын ажилтан, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл 300 гаруй хүн оролцсон юм.

Энэ үeэр Ховд аймгийн эрүүл мэндийн салбарын үүсэл, хөгжил, амжилт ололтын талаар албаныхан танилцуулж, үe үeийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн хөдөлмөр зүтгэлийг алдаршууллаа.

Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжих эхлэл 1921 онд тавигдсан бол баруун бүсийн тулгуур төв-Ховд аймгийн тухайд тэртээ 1925 онд Чандмань-Уулын аймгийн эмнэлэг нэртэйгээр орос эмч болон зургаан хүний бүрэлдэхүүнтэй, 15 ор, хоёр гэртэй байгуулж байсан түүхтэй.

Улмаар 1945 онд дотор, мэс засал, сүрьeэ, арьс өнгөний өвчнийг эмчлэх тасаг нээгдэх замаар Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа эхэлсэн байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт 1345 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хичээн зүтгэж байна.


                   Эмч, эмнэлгийн мэргэжилтний 40.6 хувь нь мэргэжлийн ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй 


Онцлоход, баруун бүсийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ) нь 450 эмч, ажилтантай. 10 алба, 24 тасаг-нэгж, хэвтэн эмчлүүлэх 467 ортойгоор 20 төрлийн нарийн мэргэжил, 42 төрлийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэн үйл ажиллагаа явуулж байна.  

Сүүлийн жилүүдэд орон нутагт эрдмийн болон мэргэжлийн зэрэг цолтой эмч, мэргэжилтний тоо нэмэгдэж буй. Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтний 40.6 хувь нь мэргэжлийн ахлах, тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй. Мөн доктор зэрэгтэй 2, магистрын зэрэгтэй 17 эмч, мэргэжилтэн байгаа аж.  

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хүний гавьяат эмч 15 тодорсноос хамгийн анхных нь Н.Баасанжав бол хамгийн сүүлд хос хоёр гавьяат болох мэдрэлийн эмч Л.Эрдэнэцэцэг, хүүхдийн эмч Д.Бямбаа нарыг Ховдынхон хүндэтгэн хүлээн авсан юм.    

Судалгаагаар БОЭТ нь жилд дунджаар 120 мянга орчим амбулаторийн үзлэг хийж, 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж байна. Тус хамт олон коронавирусний халдварын тархалтын үeд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд 380 ор дэлгэн, 753 эмч, ажилтан улаан бүсэд ажиллаж, 3835 маш хүнд, хүнд, хүндэвтэр оноштой өвчтөнийг эмчилж, эдгэрүүлж, эмнэлгээс гаргажээ. 

Ийнхүү алслагдсан бүс нутгийн иргэдэд нэн шаардлагатай эрүүл мэдийн тусламж, үйлчилгээг цаг хугацаа алдахгүй хүргэх, мэргэжлийн ур чадвар шаардагдах мэс засал болон тусламж үйлчилгээний нэр төрөл, чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн үe үeийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл 100 гаруй хүн өнөөдөр төрийн дээд шагнал болон салбарын шагналуудаар энгэрээ мялаалаа. 

  

関連ニュース