Залуу малчдыг дэмжихэд анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 8544 малчин өрх бий. Нийт малчдын 26.7 хувийг 15-34 насны залуус эзэлж байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав тэргүүтэй ажлын баг энэ долоо хоногт Буянт, Манхан, Чандмань суманд ажиллаж, зарим малчин өрхөөр зочилж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцжээ.
Одоогоор тус аймагт өвөлжилт
харьцангуй өнтэй байгаа ба уулзсан зарим малчдын зүгээс хэд хэдэн санал хэллээ.
Тодруулбал, малчдын
залгамж халааг бэлтгэх асуудалд төрийн бодлогын дэмжлэг хэрэгтэй байгааг
илэрхийлсэн байна. Мөн өвс, тэжээлийн
үнийг тогтвортой байлгах, тэжээлийн үйлдвэр байгуулах, жил бүр андатор (заарт
харх)-ын тоо толгой өсөн нэмэгдэж, үүнийг дагаад Хар ус нуурын хулс багасч, “Цагаан
гол”-д өвөлждөг малчдын өвөлжөө устахад хүрч болзошгүй байгаа тухай хэлж аймаг
орон нутаг, төр засгаас анхаарч ажиллахыг хүсэв.
Сүүлийн жилүүдэд залуу малчдын тоо буурсан үзүүлэлт зарим судалгаанд тусгагдсан бий. Иймээс Ховд аймаг залуу малчдыг дэмжих зорилгоор “Залуу малчин, тариаланч” дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ. Мөн орон нутгийн их, дээд сургуулийг түшиглэн энэ чиглэлээр залуусыг сургана. Ийм байдлаар орон нутгийн түвшинд асуудлыг шийдэх гарц эрэлхийлж байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хуулийн төсөл санаачилж ажиллахаа илэрхийллээ гэж Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.