Хамгийн анхны Төрийн соёрхолт туульч Баатарын Авирмэд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-31 14:27:21

Ховд /МОНЦАМЭ/. Ардын аман зохиолын шүлэглэн хэлэх томоохон төрөл зүйл бол тууль. Ховд аймгийн хамгийн анхны Төрийн соёрхолт туульч бол Баатарын Авирмэд гэж зарим ном, сурвалжид тэмдэглэжээ.  

Б.Авирмэд 1935 онд Ховд аймгийн Манхан сумын нутаг "Хөтөл ус" гэдэг газар төрсөн. 23 насандаа "Талын хар бодон" тууль сурч, улмаар "Наран хаан хүү", "Эзэн улаан бодон", "Алтайн магтаал", "Аргил цагаан өвгөн" туулиудыг хайлдаг байжээ.

Тэрээр "Бүжин даваа хаан", "Нарангэрэл хаан", "Зэл алдар хаан" зэрэг олон туулийг өвөг эцэг алдарт туульч З.Жилхэр, эцэг Г.Баатар, эх Ж.Оролмоо нараасаа өвлөн, хойч үедээ уламжлуулан үлдээсэн бөгөөд үе залгамжилсан алдар цуутай туульч гэдгээрээ онцлогтой. 

Б.Авирмэд цээжний гүнээс урсан гарах уянгалаг айзамт уран үгсээрээ хэн хүний сэтгэлийг эзэмдэж өөрийн эрхгүй туулийн ертөнцөд татан оруулдаг увидастай ажээ. Авирмэдийн энэ хосгүй авьяасыг үнэлж 1984 онд Ардын туульч, 1991 онд Төрийн соёрхолт хэмээх хүндтэй цол хүртээсэн юм. 

Түүний тууль хайлах, үлгэр домог аялгуулан хэлэх байгалиас заяасан авьяасыг үргэлжлүүлж, мартагдах дөхсөн өв соёлыг сэргээж, хөгжүүлэхийн төлөө зорьж яваа ардын язгуур урлагийн биет бус өв тээгчид Ховд аймагт олон бий.     

関連ニュース