Анхны хөгжимчин Бүүвэйн Жамъян
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харъяат Б.Жамъян 1885 онд төрсөн. Түүний намтар, ажил, амьдралын замналын тухай зарим ном, сурвалжид тусгаж, хамгийн анхны хөгжимчин хэмээжээ.
Тэрээр амьдралын эрхээр
Хятадын жинчдэд хагас хүний хөлсний ажилчнаар 5 жил гаруй ажилласан. Хятадын
Шинжаан, Үрэмч, Казахстан, Тувагийн нутгаар явж байхдаа хятад, казах, тува хэл,
шанз, хуучир хөгжим тоглох анхны мэдлэгтэй болжээ.
Хятадын Амбаны яам Б.Жамъянг
Ший-янз-д /клубт/ ажлын бус цагт явуулж байж. Мухлай гэдэг хүнээр монгол бичиг
заалган уншиж бичих төдий болоод охинтой нь танилцаж гэр бүл болсон аж. Хятадын
амбаныг Ховдоос хөөгдөхөд Өөлдийн хошууны залан хэргэмтэй нагац ах Лхамсүрэн
гэдэг айлыг бараадаж хэрмэл Дамбийжанцанд дайчлагдан очиж, хэлмэрчээр ажиллаж
байв.
Дараа нь Ардын засаг байгуулагдахад Ховд, Увс, одоогийн Баян-Өлгий аймгийн нутгийг харьяалан Баруун хязгаарыг илбэн товхинуулах яам байгуулснаар хэлмэрчээр ажиллах болсон байна. Тийнхүү ажиллаж байхдаа Ардын ухуулгын улаан гэрт хэлмэрч хийж байлаа.
1936 ОНД АЙМГИЙН КЛУБ АШИГЛАЛТАД ОРЖ, ХОВД ХОТОД УРЛАГ, СОЁЛ ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИЖ ЭХЭЛСЭН БАЙНА
1937 онд Улаанбаатар
хотод тус клубийнхэн ирж, Сэлэнгэ аймгийн урлагийнхантай уралдаж тэргүүн байр
эзлэхэд Б.Жамъянд улсын хоёрдугаар зэргийн хөгжимчин цол олгож, Ардын
хувьсгалын 15 жилийн ойн медалиар шагнажээ.
Ховд аймгийн Хөгжимт
драмын театрын эх суурийг тавьсан урлагийн агуу авъяастай энэ хүн “Хуурч Жамъян”
хэмээн олноо алдаршсан бөгөөд удам дамжсан урлагийн их загалмайлсан эцэг болсон
түүхтэй.
Б.Жамъяны авъяас нь
түүний хүү Монгол Улсын Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ж.Чулуун, охин Соёлын
тэргүүний ажилтан Ж.Алимаахүү, ач хүү МУГЗ Ч.Чинбат, МУГЗ Ч.Жамсранжав зэрэг хүмүүст өвлөгдөн өдгөө хүртэл
Монголын их урлагт дахин давтагдашгүй ая хэмнэлийг дуурсгасаар явна гэж холбогдох ном, сурвалжид бичсэн байна.