Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-02-07 11:27:32

Ховд /МОНЦАМЭ/. Одоогийн байдлаар Ховд аймаг дахь Буянт голын мөсний зузаан 103 см, Булган голынх 78 см, Ховд голын мөсний зузаан 65 см байна.

Мөн Дундцэнхэр голын мөсний зузаан 60 см, Долооннуур голынх 47 см байгаа бол Хар ус нуурын мөсний зузаан 106 см байгаа аж.

Харин Чоно-Харайх голын мөсний зузаан 105 см, Төгрөг голынх 85 см  тус тус хүрч, мөсөн бүрхүүл тогтсон байна.

Сүүлийн долоо хоногийн хугацаанд Ховд аймгийн нийт нутгаар хүйтний эрч чангарч, зарим гол, нуурын мөс улам зузаарах хандлагатай болсон.  Гэвч нийт уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин, тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул тээвэрчид, иргэд гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй, бусад үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг Ховд аймгийн УЦУОШТ‑өөс онцгойлон анхаарууллаа.

Өнөөдөр 08.00 цагийн байдлаар Ховд аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй байна.

Жаргалант, Зэрэг сумын нутгаар хамгийн их буюу 6 см, Манхан, Алтай, Дарви, Үенч сумын нутгаар 4 см зузаан цастай байгаа. Мөн уулын бүсийн сум болох Мөнххайрхан, Дуут, Мөст суманд 0-1 см зузаан цастай байна.

Агаарын температурын хувьд хамгийн хүйтэн нь Цэцэг суманд -39°С, хамгийн дулаан нь Алтайн өвөр говийн Алтай, Үенч, Булган суманд 11-16 градус хүйтэн байна.

関連ニュース