Өнгөрсөн онд 706 иргэн ажлын байранд зуучлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-02-15 18:28:51

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2021 оны жилийн эцсийн байдлаар 810 шинэ ажлын байр бүртгэгдэж, байнгын болон түр ажлын байранд 706 иргэн зуучлуулсан байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх-Оролцоо” төслийн сургалтад 91 залуу хамрагдан сургалтаа амжилттай төгсөж, 87 залууг дадлагад гаргаснаар 35 залуу байнгын ажлын байртай болжээ.

Мөн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Ажлын байр дэмжих гурван хувийн хүүтэй зээлийг арилжааны банкаар 338 иргэн, аж ахуйн нэгжид 18.1 тэрбум төгрөгийг олгож, 601 ажлын байрыг хадгалагдан үлдсэн байна.

Швейцарын хөгжлийн агентлагийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлтэй хамтран аймгийн хэмжээнд өнгөрсөн онд анх удаа хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг тодорхойлох судалгааг хийсэн.

Тус судалгаанд 400 гаруй аж ахуйн нэгж байгууллага, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэд, ажил эрхэлж буй залуучууд зэрэг 4000 гаруй иргэнийг хамруулж, 2022-2024 оны аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг урьдчилан тооцоолсон. Улмаар Хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулахын тулд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвар, мэргэжилтэй ажилтны тоог нэмэгдүүлэх бодлого зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

関連ニュース