Биет бус өвийн урын санг баяжууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт биет бус өв тээгч 923 хүн бүртгэлтэй байдаг. Биет бус өвийн нэг төрөл нь тууль хайлах урлаг. Судлаачдын тэмдэглэснээр тууль бол ардын аман зохиолын шүлэглэн хэлэх томоохон төрөл зүйл юм.
Монгол Улс туулийг 2009
онд "Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв" хэмээн ЮНЕСКО-д
бүртгүүлсэн. Тэгвэл 2022 оны хоёрдугаар сарын 16-нд Ховд аймгийн Мөнххайрхан сумын
харьяат, гурав дахь үеийн туульч Ц.Цэндсүрэн "Алтайн магтаал", "Наран
хөвүүн хаан" туулийн хэсгээс хайлж, энэхүү биет бус өвийн урын санг баяжуулав.
Түүнийг тууль хайлах явцад Ховд аймгийн Музeйн хамт олон баримтжуулж, дүрс бичлэг хэлбэрээр хадгалж авсан байна.
Ташрамд, Ховд аймгийн Музейд 3000 гаруй үзмэр
хадгалагддаг. Үүнд угсаатны бүлгүүдийн өвөрмөц ёс заншил, оюуны соёл, ардын
авьяастан, биeт бус өвийг илэрхийлсэн ховор үзмэр тодорхой хувийг эзэлж буй.
Онцлоход, тус аймгийн Музeйд 13 үе дамжсан, 18 дугаар зууны үед хэрэглэж байсан модон товшуур хөгжим хадгалагдаж байна. Энэ хөгжмийг Ховд аймгийн Дуут сумын урианхайн алдарт туульч З.Рэнцэн хэрэглэж байжээ.
Товшуур хөгжмийг харгай
модоор хийж, ямааны илгээр бүрэн, морины сүүлний 4-5 ширхэг хялгасыг эрчлэн
утсыг нь хийдэг байна.
Товшуур хөгжимд ямар ч
хөг аялгуу оруулж болно. Алтайн урианхай, баяд, торгууд, захчин, дөрвөд
угсаатнууд ихэвчлэн товшуур хөгжим хэрэглэдэг аж.