Хичээл сургалт танхимаар эхэлсэнтэй холбогдуулан боловсролын байгууллагуудад шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-17 15:16:59

Архангай /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтыг танхимын хэлбэрээр явуулах болсонтой холбогдуулан АОК-ын 06 тоот албан бичгийн дагуу бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаанд аймгийн МХГ-аас төлөвлөгөөт бус шалгалтыг 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлжээ. 

Төлөвлөгөөт бус шалгалтын хүрээнд холбогдох чиглэлийн хяналтын улсын байцаагч нар Архангай МСҮТ, МУБИС-ийн Архангай багшийн сургууль, Ерөнхий боловсролын 1, 5 дугаар сургуулийн дотуур байрны үйл ажиллагаа, оюутан сурагчдыг хүлээн авч байрлуулж байгаа явц, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм мөрдөлт, дотуур байрны хоол үйлдвэрлэлийн байдалд хяналт хийж, илэрсэн алдаа дутагдлын 66,7 хувийг арилгуулан дотоод хяналтын нэгжид зөвлөмж өгч ажилласан байна. Мөн хяналт шалгалтын үеэр хэрэглэсэн амны хаалтыг ил задгай хогийн саванд хаях, цэвэрлэгээний алчууруудыг ангилж хэрэглээгүй, дотуур байранд гадны хүн нэвтэрсэн зэрэг нийтлэг алдаа дутагдал гарчээ.

Шалгалтын хүрээнд Боловсрол, соёлын, эрүүл ахуй халдвар хамгааллын, хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчдын хамтарсан 26 заалт бүхий 03-03-012/05 тоот зөвлөмж болон МХЕГ-ын 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 02/278 дугаар зөвлөмжийг бүх шатны боловсролын байгууллагуудад /ЕБС-30, СӨББ-33, МСҮТ-3, Их, дээд-1/ хүргүүлжээ.

Мөн Эрдэнэбулган сумын боловсролын байгууллагын тандалтын болон дотоод хяналтын багийн гишүүдэд сургалт зохион байгуулж, хичээл сургалтын үед эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм мөрдөх, үдийн хоолны чанар, аюулгүй байдлыг хангах, сургалтын байгууллагын орчин хүүхдийн эрх зөрчигдөх, аюулгүй байдал, осол, хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлж ажиллах талаар зөвлөмж чиглэл өгсөн байна.

Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, МСҮТ, МУБИС-ийн Архангайн Багшийн сургуулийн танхимын сургалтын бэлтгэл ажлыг газар дээр шалгаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Сумдын сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажлын мэдээллийг онлайнаар авч, шаардлагатай байгууллагуудад утсаар болон цахимаар зөвлөмж чиглэл өгөн ажиллаж байна. Одоогоор сургууль, цэцэрлэгийн гадна, дотор орчин болох анги танхим, дотуур байр,  хатуу зөөлөн эдлэл, тоглоом наадгай, гол тогоо, бие засах болон бусад өрөө тасалгааны нийт 164027.5м2 талбайд ариутгал халдваргүйтлийг мэргэжлийн байгууллагуудаар 100 хувь хийлгэжээ.

Хичээл эхлэхийн өмнө танхимаар хичээллэх бэлтгэл ажил 94.6 хувьтай хангагдсан ба одоо ч хяналт шалгалтыг үргэлжлүүлж байна хэмээн МХГ-ын Боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч А.Булганчимэг мэдээллээ.   

関連ニュース