Уяачдын хурал болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-02-18 13:18:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Жавхлант шарга МСУХ-ны бага хурал болж байна. Цар тахлын нөцхөл байдлаас шалтгаалан 2019 оноос хойш хуралдаагүй учир энэ удаагийн хурлаар холбооны нөхцөл байдал, цаг үеийн олон асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ шинэ тэргүүн, тэргүүлэгчдийг сонгох юм.

Бага хуралд УИХ-ын гишүүн Н.Ганибал, Монголын МСУХ-ны тэргүүлэгч н.Дашдорж улс, аймгийн алдар цолтой уяачид болон сум тус бүрээс уяачдын төлөөлөл оролцож байна.  

Монголын МСУХ-оос авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар тэргүүлэгч н.Дашдорж хурлын эхэнд оролцогчдод танилцуулсан. Аймгийн салбар холбоо төдийгүй уяачид ч дээд байгууллагаас гаргасан бодлого, шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлэх, дагаж мөрдөх үндсэн үүрэгтэйг тэрээр онцоллоо. Орон нутгийн хувьд маш олон асуудлууд бий. Гагцхүү тэдгээрийг дүрэм, журмын дагуу шийдвэрлэж, нэгдсэн нэг зорилготой байх нь чухал гэдгийг тодотгов.

Жавхлант шарга МСУХ-ны тэргүүн П.Мөнхжаргал өөрийн хүсэлтээр уг ажлаа хүлээлгэн өгч байгаа бөгөөд одоогийн байдлаар холбооны тэргүүнд өрсөлдөх хоёр нэр дэвшигч бий ч дахин өрсөлдөгч гарч ирэх боломжтой. Ямартай ч 15 жилийн түүхтэй холбооны ажлыг цааш үргэлжлүүлж, уяачдын эрх ашгийг хамгаалах үүрэгт ажлыг удирдан авч явах тэргүүн, тэргүүлэгчдийг хурлыг төгсгөлд сонгох аж. 

関連ニュース