Булган голд усны булга шинээр бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт орших Булган голын ай савд усны булга /mustela vison/ шинээр бүртгэгдлээ.
Сүүлийн жилүүдэд Булган
голын ай сав, экосистемийг хамгаалах ажилд ахиц гарч байгаа бөгөөд тандалт судалгааны
ажлуудыг мөн шат дараатай хийж байна. Булган голын ай сав нь ховор, нэн ховор,
ховордсон амьтан, ургамал бүхий байгалийн өвөрмөц эко системтэй бүс
нутаг гэдгээрээ онцлогтой.
Булган голын ай савд
200 гаруй зүйл шувуу амьдардаг. Түүнчлэн Монголд цорын ганц байдаг азийн шар
минж, улаан номд орсон "шаргал үхэрдэй" загас гэх мэт
ховор амьтад бий.
Сүүлийн жилүүдэд энд усны булга байршиж буй талаар нутгийн иргэд
болон байгаль хамгаалагч нар хэлж байсан.
Үүнтэй холбогдуулан Мөнххайрханы
байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны судалгааны баг 2022 оны
хоёрдугаар сарын 13-17-ны өдөр Булган гол дагуу судалгаа хийж, усны булга байршиж
буй цэгийг тогтоон, камер байршуулан зургаар баримтжуулжээ.
Энэ нь Булган голын ай
савд усны булга /mustela vison/ амьдарч байгааг албан ёсоор бүртгэсэн анхны
тохиолдол гэж байгаль хамгаалагч нар онцоллоо.
