Алтайн улаан ямааны тоо толгой 120 мянга орчим болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Алтайн улаан үүлдрийн ямааны цөм сүргийг Ховд аймгийн Алтай суманд үржүүлж, говь цөлийн бүсийн ямаан сүрэгт сайжруулагчаар ашиглаж байна. Анх 250 ямаа сонгон авч, үржүүлж эхэлсэн бол өдгөө тоо толгой нь 120 мянга орчимд хүрчээ.
Алтайн улаан үүлдрийн ямааны онцлог нь бусад үүлдэр, омгийн ямаатай харьцуулахад мөнгөн сортой сахлаг хялгастай, цайвар өнгийн нарийн ноолууртай. Зонхилон бор, хүрэн улаан зүстэй байдаг аж.
Алтайн улаан ямааг үүлдрээр баталгаажуулахад санаачилга гарган ажилласан Ховд аймгийн Алтай сумын иргэн, мал зүйч З.Тоня энэ сарын 21-нд Монгол Улсын малын гавьяат эмч цолоор энгэрээ мялаасан байна.
“Тэрбээр орон нутгийнхаа
мал аж ахуйн салбарт 50 орчим жил ажилласан. Түүний зорилго нь алтайн улаан
ямааг говь цөлийн бүсийн ямаан сүрэгт сайжруулагчаар ашиглах байв. Энэ утгаараа
1976 онд анх 250 ямааг сонгон авч, уйгагүй хөдөлмөрсний үр дүнд 2016 онд алтайн
улаан ямааг шинэ үүлдрээр баталгаажуулсан. Энэхүү амжилтыг төр үнэлж Монгол Улсын гавьяат цол олголоо”
гэж албаныхан онцлон мэдээллээ.
З.Тоня гуай нь Ховд
аймгаас Монгол Улсын гавьяат цол хүртэж буй хоёр дахь малын эмч болсон байна.
Түүний шагналыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, аймгийн Засаг даргын орлогч
Т.Дэлгэрсайхан нар нутагт нь очиж хүндэтгэлтэйгээр гардуулжээ.