Байгаль хамгаалагчид судалгаа хийх арга зүй эзэмшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-02-21 19:29:31

Ховд /МОНЦАМЭ/. Биологийн олон янз байдал ба мониторинг сэдэвт баруун бүсийн сургалтыг Ховд аймагт зохион байгуулж байна.

Тодруулбал, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, SPACES буюу тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь төслийн дэмжлэгтэйгээр Ховд их сургуулийн дэргэдэх Баруун бүсийн экологийн судалгааны суурин, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын сургалт, судалгаа, мэдээллийн төвийн баруун бүсийн салбар хамтран “Биологийн олон янз байдал ба мониторинг” сэдэвт сургалтыг энэ сарын 21-26-ны өдөр Ховд аймагт зохион байгуулж байна. Сургалтад баруун бүсийн улсын тусгай хамгаалалттай газар нутаг болон байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарын төлөөлөл 100 гаруй хүн оролцож байгаа юм. 

Энэхүү сургалтын үйл ажиллагаа нь Монголын баруун бүс нутгийн Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарт биологийн олон янз байдлын хөдлөл зүй, хамгаалал, хяналт, мониторингийн талаарх мэдээллийг хүргэх, хээрийн нөхцөлд байгалийн нөхцөл байдлыг анхан шатны мэдээлэл дээр тулгуурлан тодорхойлох, амьтан, ургамлыг таньж шинжих арга зүйн зөвлөгөө өгөх, шинэ мэдлэг олгоход чиглэж байгаагаараа онцлогтой.  

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 30 хүртэлх хувийг улсын тусгай хамгаалалтад авахаар заасан байдаг. Одоогоор тусгай хамгаалалтад орсон газар нутгийн хамгаалалтын менежментийг сайжруулах, тогтвортой байдлыг хангахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал. Цаашид нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг бий болгох, байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах замаар орон нутгийнхаа эко системийг цогцоор хамгаалах, судалгаа, мониторингийн ажлыг сайжруулах боломж нээлттэй байна” гэж мэргэжилтнүүд хэллээ.   

Уг сургалтын үр дүнд тусгай хамгаалалттай газрын бүсэд орших хамгаалах нэн шаардлагатай биологийн олон янз байдлын хамгаалалд түшиглэн, тухайн эко системийг бүхэлд нь хамгаалахад байгаль хамгаалагч нарын зүгээс мэдэх ёстой экологийн үндсэн ойлголтууд, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль орчны мониторинг судалгааны анхан шатны мэдээ матeриал, өгөгдлийг цуглуулах арга зүйг оролцогчид эзэмших давуу талтай аж

   

関連ニュース