Цэцэрлэгийн барилгын тааз хотойж, хананд цууралт үүсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-02-22 09:08:45

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан Алтай суманд ажиллах үеэрээ тус сумын хүүхдийн “Янзагахан” цэцэрлэгийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцлаа.

Тус цэцэрлэг нь 19 багш, ажилтантай. 125 хүүхэд хүлээн авах ёстойгоос өнөөдрийн байдлаар 164 хүүхдийг хамруулж, сургуулийн өмнөх боловсрол олгож байна.

Цэцэрлэгийн барилгыг Алтай сумыг нүүлгэн шилжүүлэх үед буюу 2008 онд барьсан. Тэр цагаас хойш их засвар хийгээгүй байна.

Ашиглалтын явцад цэцэрлэгийн барилгын дээвэр, тааз хотойж, хананд цууралт үүссэн байгаа. Иймээс хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хотойлт үүссэн ангийг хааж дуу хөгжим, биеийн тамирын ангид шилжүүлэн сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна гэж албаныхан мэдээллээ.

Цэцэрлэгийн эрхлэгч Т.Эрдэнэцэцэг хэлэхдээ, 2015 онд барилгын тааз хотойж, цууралт өгч эхэлсэн. 2019 онд Мэргэжлийн хяналтын газраас тулгуур хийж, засварлах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байна. Үүний дагуу 2021 оны зургаадугаар сард “Газрын хүч” ХХК-аар зураг, төсвийг нь гаргуулж, 417 сая төгрөгөөр засварлахаар төлөвлөсөн байна гэв. 

Аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан нөхцөл байдлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлан шийдвэрлэх гарц, боломжийг судалж ажиллахаар боллоо. 

関連ニュース