Найман мэргэжлийн салбар зөвлөл хуралдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Хөгжил политехник коллеж нь энэ хичээлийн жилд нийт 32 хөтөлбөрийн дагуу 1300 гаруй суралцагчтай үйл ажиллагаа явуулж байна.
Тус сургууль одоогийн байдлаар 150 гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай
уялдаа холбоотой, хамтран ажилладаг бөгөөд орон нутгийн салбар зөвлөлийн дэргэд
найман мэргэжлийн салбар зөвлөл байгуулснаар үйл ажиллагаа нь хэдийнэ тогтворжсон байна.
Эдгээр зөвлөлөөс 2018 онд “Сантeхникийн мэргэжлийн салбар зөвлөл” нь
ажлаараа улсад шилдгээр шалгарч байсан сайн туршлага бий.
Иймээс мэргэжлийн салбар зөвлөлүүдийн онцлох ажлыг танилцуулах, түншлэл
хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт
хэрэгцээнд тулгуурлан суралцагчдад мэргэжлийн ур чадвар, чадамж эзэмшүүлэх үйл
ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг болгох зорилгоор Ховд аймаг дахь Хөгжил
Политехник коллежийн Мэргэжлийн салбар зөвлөлүүдийн ээлжит хурлыг энэ сарын
21-23-ны өдөр гурван үе шаттай зохион байгууллаа.
Энэ үеэр хүнс үйлдвэрлэл, үсчин, гоо засал, оёдол ахуй үйлчилгээ болон барилга, уул уурхай, дэд бүтэц, сантехник, гагнуур, мужаан, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн саналыг нээлттэй авсан бөгөөд “Ховд түншлэл-2022” зөвлөгөөн зохион байгуулах ажлын төлөвлөгөө, цаашдын бусад үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхээр болсон гэж албаныхан онцоллоо.
Үүнээс гадна Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн удирдлагууд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй зарим үйлдвэр,
үйлчилгээний газар, аж ахуйн нэгжүүдтэй 2022 онд хамтран ажиллах гэрээ
байгууллаа. Ингэснээр тус коллежийн суралцагчид мэргэжлийнхээ дагуу
үйлдвэрлэлийн дадлага хийх, туршлага хуримтлуулах, чадварлаг боловсон хүчин
болох боломж бүрдэх аж.


