Гол, нууруудын хөлдөөгүй хэсэгт өвөлжсөн хун шувуу 2022 онд 96 тоологдсон байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутаг дэвсгэр дэх Хар ус нуурын байгалийн цогцолбор газарт 17 баг, 46 овог, 136 төрөл, 284 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг.
Дэлхийн байгаль хамгаалах
сан (WWF)-гаас орон нутгийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, Ховд
аймгийн гол, нууруудын хөлдөөгүй хэсэгт өвөлжсөн гангар хун шувууны зураглал,
судалгааны дүнг танилцууллаа.
Байгаль хамгаалагчдын тэмдэглэл, орчин зүйн ажиглалтаас үзэхэд өнгөрсөн 2019 онд 68, 2020 онд 86, 2021 онд 105 хун шувуу тоологджээ. Тэгвэл 2022 оны байдлаар 96 хун шувуу тоологдсон байна.
Сонирхуулахад, гангар хун (Cygnus cygnus) нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст амьдардаг том шувуу юм. Манай оронд тайга, ойт хээр, тал, говийн бүсийн томоохон гол, нууруудад өндөглөн зусна. Биеийн урт нь 140-160 см, далавчаа дэлгэсэн урт 205-275 см ба 8-20 кг жинтэй. Хошуу нь шар өнгө давамгайлсан хар өнгөтэй. Гангар хун нь өргөн, их устай газрыг эрхэмлэх ба ихэнх цагаа усанд өнгөрөөнө. Энэ шувуу нь хэдэн зуун бээр газрыг туулан нүүдэллэж, Европын хойд хэсэг болон зүүн Азийн нутгаар өвөлждөг аж.