Ховд дулааны станц орчимд хөө тортог, тоосжилт нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Сүүлийн үед “Ховд дулааны станц”-ын ойр орчимд амьдардаг айл өрхүүд утаа, хөө тортог дунд амьдарч байна.
Өглөө шүүрдсэн гэр орой болоход хөө тортогт дарагдаж, амьдрахад хүндрэлтэй байгаа тухай зарим иргэд цахим хуудсаараа дамжуулан хэлж байсан. Учир нь тус станцын галлагааны дараа яндангаар нь утаатай хамт их хэмжээний хөө тортог агаарт цацагддаг байна.
Үүнтэй холбогдуулан мэргэжлийн
байгууллагууд аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй “Ховд дулааны станц” ТӨХК-д
төлөвлөгөөт бус шалгалт хийжээ.
Тодруулбал, Ховд аймгийн
Мэргэжлийн хяналт, Байгаль орчин аялал жуулчлалын газар болон Ус цаг уур орчны
шинжилгээний төвийн холбогдох мэргэжилтэн, байгаль орчин, эрчим хүч, эрүүл ахуй,
халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид энэ сарын 8-11-ний өдөр “Ховд дулааны
станц”-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр тус станцын
дарга, ерөнхий инженер, ажилчин болон иргэдийн төлөөллийг оролцуулсан төлөвлөгөөт
бус хяналт шалгалт хийсэн байна. Уг ажлын зорилго нь дулааны станц болон ойр
орчмын айл өрх, гудамж талбайд үүссэн агаар орчны бохирдлын нөхцөл байдалд
шинжилгээтэй хяналт шалгалт хийж, хууль тогтоомж, дүрэм журам, стандартын
хэрэгжилтийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг арилгах, мэргэжил
арга зүйн зөвлөгөө өгөхөд чиглэж байв.
Шалгалтаар
хэд хэдэн зөрчил илэрчээ
Үүнд: 1. Дулааны
цахилгаан станцын эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд /1000м-т/ айл өрхүүд олноор
суурьшсан нь Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, ерөнхий шаардлага”
MNS5105:2001 стандартын нэгдүгээр хавсралтын 7.1 дэх заалтыг;
2. Ус цаг уур орчны
шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторит Бичигт багийн
иргэний хашаа, Бугат багийн Залуус хороолол, дулааны станцын гадна орчин зэрэг
3 цэгт тус тус хийсэн агаарын шинжилгээний дүнгээс харахад: - РМ10 тоосонцорын
хэмжээ нь дулааны станцын орчимд 2,2-17,9 дахин их, бичигт багийн иргэний
хашаанд 2-13,4 дахин, залуус хороололд 2 дахин их, -РМ 2,5 тоосонцрын хэмжээ
нь айлын хашаанд 3,2- 21 дахин, дулааны станц орчимд 3,7-32,6 дахин, залуус
хороололд 1,6 дахин их байгаа нь Монгол Улсын “Агаарын чанар, Техникийн ерөнхий
шаардлага” MNS4585:2016 стандартын шаардлагыг хангахгүй байна.
3. Нүүрс, үнсийг ил
задгай хадгалж байгаа нь орчиндоо тоосжилт үүсгэх, салхи шуургатай үед орчныг
бохирдуулах нөхцөл үүсгэсэн байгаа нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын
үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дэх заалтыг:
4. Орчны
хяналт-шинжилгээний хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлээгүй нь Байгаль
орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дэх
заалтыг;
5. Утаа шүүх уутат
фильтрийг техникийн тооцоололгүйгээр угсарч, суурилуулсан, зураг төсөл
баталгаажуулаагүй зөрчлүүд илэрсэн
байна.
“Ховд дулааны станц” ТӨХК-ийн
К-2, К-3 зууханд суурилсан батерей циклоныг мэргэжлийн тооцоололгүйгээр уутат
фильтрээр сольсон нь өндөр ачааллын үед галын хотол дахь утааны хийг бүрэн
нэвтрүүлж чадахгүйгээс зуухны гадна тал руу утааг буцаан үлээж, ажиллах орчин
угаар тоосжилт ихтэй болж ажилтнууд үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүйд хүрч
байна. Мөн галлагааг шүүлтүүргүйгээр
явуулсантай холбоотойгоор хөө тортог, тоосжилт гадна орчны агаарт ихэсч байгаа
нь тус станцын орчимд байрлаж байгаа айл өрхийн иргэд амьсгалын замын өвчлөлд
илүү өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын
газраас мэдээллээ.
Хяналт шалгалтаар илэрсэн
зөрчлийг арилгахаар “Ховд дулааны станц” ТӨХК-д улсын байцаагчийн 5 заалт бүхий
хугацаатай албан шаардлага өгч, шалгалтын танилцуулга, холбогдох бичиг
баримтыг Ховд аймгийн Засаг даргад хүргүүлэн, зарим бичиг баримтыг Цагдаагийн
байгууллагад шилжүүлсэн байна.
Утаа сорогчийн хүчин чадлыг
тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлагатай
"Ховд дулааны станц"
ТӨХК-иас гаргасан мэдэгдэлд тусгаснаар “Байгаль орчин, аялал жуучлалын яамны 3
тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгуудын дулааны станцад утаа шүүх фильтр
суурилуулах гэрээний хүрээнд “Кан Мэй Хуан Бао” ХХК нь манай станцын К-2, К-3
зуухны ашиглаж байсан батерей циклоныг гарган оронд нь хоёр шүүлтүүрийг нийт 750
сая төгрөгийн өртөгтэйгөөр угсарч гүйцэтгэсэн.
2021 оны халаалтын жил
эхэлснээс хойш буюу нэгдүгээр сараас гадна агаарын температур огцом хүйтэрсний
улмаас хэрэглэгчдийн өсөн нэмэгдэх дулаан хангамжийг сайжруулах үүднээс К1, К2,
К3 зуух ажиллагаанд залгагдсан. Үүнтэй холбоотойгоор ачаалал ихэсч гурван зуух
галлах явцад гадагшаа тортог их хаясан. Улмаар 2022 оны хоёрдугаар сарын 14-16-нд
гүйцэтгэгч компани болон хөндлөнгийн байгууллагын ажлын баг ажиллаж, ямар
шалтгаанаас доголдол гарч байсан талаар хэмжилт хийсэн бөгөөд утаа сорогчийн
хүчин чадлыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч
байна” гэж албаныхан мэдээллээ.