Ховд аймагт 1.4 сая мал төллөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн 17 сумын 91 багийн 8000 гаруй малчин өрхийн хотонд 3.6 сая орчим мал хаваржиж байгаагаас энэ жил урьдчилсан байдлаар 1.4 сая мал төллөнө.
Ховд аймгийн ихэнх
нутгаар цасан бүрхүүлтэй байгаа бөгөөд зарим суманд хүйтний эрч хадгалагдан
жиндүү хүйтэн хэвээр байна.
Одоогийн байдлаар малчид
тарга тэвээрэг муутай малд өвс, нэмэгдэл тэжээл өгч байгаа. Мөн гол, нуурын хөндийгөөр шөнөдөө хүйтэн
хонож байгаа тул малын өтөг бууц хөлдөх, хээлтэй мал хэвтрээсээ жиндэж хээл
хаях нөхцөл байдал зарим суманд бий болжээ.
Цаашид цаг агаарын төлөв
байдлаас шалтгаалж Ховд аймгийн Буянт, Чандмань, Дөргөн, Зэрэг, Манхан,
Эрдэнэбүрэн, Ховд, Жаргалант гэсэн 8 сумын нутгаар хаваржилт хүндрэх төлөв
ажиглагдаж байна гэж салбарын мэргэжилтнүүд онцоллоо.