Төслийн нөлөөлөлд өртөж буй 1200 гаруй иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-02-26 19:00:39

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар Эрдэнэбүрэнгийн 90 мВт-ын суурилагдсан хүчин чадалтай усан цахилгаан станцыг барих шийдвэрийг 2018 онд гаргаж байсан.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг БНХАУ-ын компани, аж ахуйн нэгж гүйцэтгэх ба ажлаа энэ оны дөрөвдүгээр сараас эхлэхээр төлөвлөсөн. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж албаныхан мэдээллээ. 

Тус бүтээн байгуулалтыг 61 сарын хугацаанд гүйцэтгэхээр тооцож байна. Ингэснээр “эрчим хүчний хараат байдлаас ангижирна, баруун бүсийн аймгийг эрчим хүчээр бүрэн хангана. Мөн төвийн эрчим хүчний системд нийлүүлэх боломж бүрдэж үнэ тогтворжих зэрэг олон чухал ач холбогдолтой" гэж мэргэжилтнүүд хэлэв.  

Энэхүү усан цахилгаан станцыг барихтай холбогдуулан уг газар орчимд нутаглаж буй малчин, ард иргэдийг нүүлгэн шилжүүлэхээс эхлээд багагүй бэрхшээл тулгарч байгаа аж. Тодруулбал, Үнэлгээний компаниудын гаргасан дүгнэлтээр Увс аймгийн Өмнөговь сум болон Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нийт 270-аад айл өрхийн 1200 гаруй иргэн төслийн нөлөөлөлд өртөж байна. 

Иймээс Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын баг Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн нутаг “Шижигтийн хавцал”-д очиж байгалийн тогтоц, зургийн дагуу хаана ямар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаатай биечлэн танилцлаа.

Мөн тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, зорилтыг тухайн иргэдэд танилцуулав. Улмаар сумын малчдын төлөөлөл, иргэдтэй уулзалт хийж, сонирхсон асуултад хариулт өгчээ. 

Энэ үеэр албаныхан аль болох иргэдийнхээ санал хүсэлтийг хүндэтгэн шийдвэрлэх, ажлын байраар хангах, хоол хүнс, ажлын хувцсыг орон нутгийн үйлдвэрлэгчдээс нийлүүлэх зэрэг шаардлагыг төслийн гүйцэтгэгчид тавьж ажиллана гэдгээ илэрхийллээ.   

関連ニュース