Өсвөрийн харваачдын тоо нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-02-27 19:32:16

Ховд /МОНЦАМЭ/. 17 дугаар жарны сайжруулагч хэмээх Бар жилийн “Ууган харваа” тэмцээнийг энэ сарын 26-ны өдөр Ховд аймагт зохион байгууллаа.

Энэхүү шагайн харваа тэмцээнийг аймгийн ИТХ-ын нэрэмжит болгон, Ховд аймгийн Шагайн харвааны салбар холбооноос уламжлал болгон зохион байгуулж байгаагаараа онцлог байв.

Ховд аймгийн хэмжээнд шагайн харвааны спортыг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж яваа 90 гаруй харваач бий. Үүний 30 орчим нь өсвөр үеийн, залуу харваачид байна. Иймээс шагайн харваагаар хичээллэгсдийн ур чадварыг дээшлүүлэх, ардын уламжлалт тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, биет бус соёлын өвөө хадгалж үлдэх, залгамж халааг бэлтгэхэд тус тэмцээний үйл ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

Энэ удаагийн тэмцээнд 6 багийн 50 гаруй харваач оролцож, багийн харваа, цуваа харваа, шагайн барилдаан гэсэн төрлөөр цэц мэргэнээ сорив.

Ингээд багийн харвааны төрөлд Д.Бөхжаргал ахлагчтай Ховд дулааны станцын Дөл баг тэргүүн байр эзэллээ. Мөн Б.Мөнгөншагай ахлагчтай Ховд дулааны станцын Оч баг дэд байрт, Ц.Пүрэвхүү ахлагчтай Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Шонхорууд баг гуравдугаар байрт шалгарсан байна.  

Харин цуваа харвааны төрөлд тэргүүн байрт Ховд дулааны станцын Оч багийн харваач П.Ган-Эрдэнэ, дэд байрт Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Шонхорууд багийн харваач Л.Дугар, гуравдугаар байрт Хос алтай багийн харваач М.Ганбаатар тус тус шалгарчээ. Мөн дөрөвдүгээр байрт Ховд дулааны станцын Дөл багийн харваач М.Энхжаргал, тавдугаар байрт Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн харваач Ц.Хатанбаатар нар тус тус шалгарч, шагналаа ийнхүү гардан авсан юм. Мөн шагайн барилдаан тэмцээнийг зохион байгуулснаар аймгийн мэргэн Б.Мөнгөншагай тэргүүн байрт шалгарлаа.

Ховд аймгийн хэмжээнд Монгол Улсын хүндэт харваач 9, аймгийн гоц мэргэн 25, аймгийн мэргэн цолтон 9 байна.

Шагайн харваа нь Монголын ард түмний үндэсний уламжлалт спорт-тоглоомын нэгэн төрөл бөгөөд сүүлийн жилүүдэд орон нутагт эрчимтэй хөгжиж байгаа. Өөрөөр хэлбэл, хөдөөгийн сумдад шагайн харвааны салбар холбоог байгуулан, энэ төрлийн спортыг хөгжүүлэх арга замыг шат дараатай хэрэгжүүлж буй. 

 

関連ニュース