Энэ хавар 3381 га талбайд тариалалт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. 2022 оны хаврын тариалангийн бэлтгэл ажлын талаар Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас тодрууллаа.
Ховд аймаг өнгөрсөн 2021
онд 2852 га талбайгаас 27939.82 тонн ургац хураан авсан. Энэ нь өмнөх оноос
тариалсан талбай 306.3 га буюу 12 хувиар, хураасан ургац 3069.3 тонн буюу 12.3
хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Тэгвэл энэ онд мөн тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх аж.
Өөрөөр хэлбэл, 2022 онд Хүнс, хөдөө аж ахуй,
хөнгөн үйлдвэрийн сайдын албан даалгаврын хүрээнд нийт 3381 га талбайд
тариалалт хийхээр төлөвлөсөн байна. Үүнд үр тариа 280 га, тэжээлийн ургамал 650
га, төмс 744 га, хүнсний ногоо 1124 га, жимс жимсгэнэ өссөн дүнгээр 583 га талбайд
тарих юм.
Хаврын тариалалтын бэлтгэл ажил ирэх гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ.
3200 гаруй тариаланч ажиллаж, 350 гаруй трактор, техник, тоног төхөөрөмжийг
ашиглах замаар бууц бордоо буулгах, талбайгаа бэлтгэх, үрслэг бойжуулах зэрэг
ажил өрнөхөөр байна.