Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалахад анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-02-28 18:53:15

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын хүн амын 50 орчим хувийг эзэлдэг эрэгтэйчүүдийн өмнө тулгамдсан олон асуудал бий.

Иймээс эрэгтэйчүүдийн нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг чухалчлан үзэж, тэдэнд нийтлэг тулгамдсан асуудлыг тодорхойлох зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг ирэх гуравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тус чуулганы бэлтгэл ажлын хүрээнд Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цэргийн штаб хамтран “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт дэд хэлэлцүүлгийг өнөөдөр орон нутагт зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Ховд аймагт эрэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, орон нутгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан нас насны болон бүлгийн төлөөлөл 30 гаруй хүн оролцож, таван чиглэлийн дагуу санал бодлоо илэрхийлсэн юм.

Мэргэжлийн байгууллагаас хийсэн судалгаагаар "Эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 1.5 дахин их буюу нас барж байгаа 10 хүн тутмын 6 нь эрэгтэй хүн байгаа бол дундаж наслалтын зөрүү 9.7 хувь байна.

Энэ нь эрэгтэйчүүдийн амьдралын хэв маяг буруу, эрүүл мэндийн үзүүлэлт доогуур, амьдралд хандах хандлага болоод зуршил буруу, хорт зуршлын хэрэглээ өндөр байгаатай холбоотой юм.

Энэхүү үзэгдэл нь нийгмийн бүхий л салбарт ажиглагдаж байгаа бөгөөд иргэдийн буруу зуршилд автах байдал нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргах нөхцөлийг өдөөдөг аж. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 41.5 хувь нь согтуугаар үйлдсэн бол нийт 46.3 хувийг ажилгүй иргэд үйлдэж байна". Иймээс Ховд аймгийн тухайд эрэгтэйчүүдийн хандлагыг өөрчлөх, эрүүл мэндийг хамгаалах чиглэлд анхаарч хэд хэдэн ажлыг шат дараатай хэрэгжүүлэх талаар санал гаргав.

Мөн гэр бүл дэх эр хүн, эцэг хүний үүрэг хариуцлагыг сайжруулах, хууль эрх зүйн ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллах шаардлага үүссэн тухай мэргэжилтнүүд онцоллоо.

Энэ удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд Ховд аймгаас “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганд оролцох 4-5 хүнийг сонгох бөгөөд тэд орон нутгийн тулгамдсан асуудал, эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр дуу хоолойгоо олон нийтэд танилцуулах аж.    

関連ニュース