Баруун бүсийн төрийн албан хаагчдыг чадавхжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-03-03 13:57:47

Ховд /МОНЦАМЭ/. Баруун бүсийн нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг энэ сарын 3-4-ний өдөр Ховд аймагт зохион байгуулж байна. 

Сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-алтай гэсэн 5 аймаг, сумдын төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудын төлөөлөл 250 гаруй хүн оролцож байгаа аж.

Энэ үеэр “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”, төрийн албаны шинэтгэлийн бодлого, сургалтын тогтолцоо, захиргааны шийдвэр, хууль тогтоомжийн хэрэглээний талаар албаныхан мэдээлэл хийж, арга зүйн зөвлөмж өгч байна.

Үүний зэрэгцээ Хөдөлмөрийн тухай хуулийн шинэ зохицуулалт, анхаарах асуудал, байгууллагын болон төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, тайлагнах,  үнэлэх журам, зарим бодлогын баримт бичиг, шинээр батлагдсан хууль тогтоомжийг мөрдөх, хэрэгжилтийг хангах аргачлалын талаар оролцогчид шинэ мэдлэг эзэмшиж байгаагаараа онцлогтой.       

Уг сургалтын үйл ажиллагаа маргааш “Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах”, “Бэлчээрийн менежмент, малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах” гэсэн хоёр чиглэлийн дагуу үргэлжилнэ. Ингэснээр төрийн албан хаагчид ёс зүйн зөрчлөөс сэргийлэх шинэ мэдлэгт суралцаж, мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх боломж бүрдэх аж. Мөн орон нутагт бэлчээрийн менежментийг сайжруулах, мал аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлтийг эрчимжүүлэн ажиллах нөхцөл бүрдэхээр байна гэж албаныхан хэллээ.

関連ニュース