Бэлчээрийн тогтвортой менежментийн талаар хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-03-04 16:30:53

Ховд /МОНЦАМЭ/. Нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах баруун бүсийн сургалт Ховд аймагт хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Энэ хүрээнд бэлчээрийн тогтвортой менежмент, малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр бүсчилсэн семинар зохион байгуулж, цаашдын бодлого, төлөвлөлтийн талаар хэлэлцлээ.

Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай гэсэн 5 аймгийн төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд оролцож байгаа энэхүү сургалтын үйл ажиллагааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл, аймгийн ИТХ зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өсөж байгаа. Иймд малын тооноос илүү чанарт анхаарах, бэлчээрийг хамгаалах, зохистой ашиглалтыг бий болгох, менежментийг сайжруулах чиглэлд мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллах болжээ. 

Түүнчлэн бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг аймаг, сумын түвшинд нэвтрүүлэх замаар бэлчээрийн тогтвортой менежментийг бүрдүүлэх, нутаг дэвсгэрийн тодорхой хувийг усалгаатай газар тариалангаар ашиглах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, малчид бэлчээрийн газрыг зөвшөөрөлгүй хашиж, хамгаалдаг байдлыг арилгахад төрөөс зохицуулалт хийх зэрэг олон асуудал тулгамдаж байна. Эдгээр асуудлыг шат дараатай шийдвэрлэхэд энэ удаагийн сургалтад оролцогчдын гаргасан санал чухал ач холбогдолтой гэж албаныхан онцоллоо.    

Дээрх сургалтад хамрагдсанаар төрийн албан хаагчид Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг орон нутагтаа бүрэн хэрэгжүүлэх, мал аж ахуйн салбарын тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг хангахад төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, нэгдсэн зохион байгуулалтаар хангах, ажлын уялдаа холбоогоо сайжруулах боломж бүрдэх аж. 

                                                 

                                                Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулахад анхаарна 

Монгол орны бэлчээрийн багтаамжийн тухайд, манай улсын 112.0 сая га хадлан, бэлчээрийн талбай нь хонин толгойд шилжүүлснээр 84.6 сая мал бэлчээх багтаамжтай.

Гэтэл өнгөрсөн оны эцэст 188.6 мянган малчин өрхөд 67.3 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 119.9 сая толгой мал тоолуулж, өвөлжөөд, хаваржиж байна.

Цаг агаарын байдал (ган, зуд)-аас шалтгаалан тухайн жилд бэлчээрийн багтаамж 30 хүртэл хувиар хэлбэлздэг. Оны эцсийн мал тооллогоор хонин толгойд шилжүүлснээр 119.9 сая толгой мал тоологдож 100 га бэлчээрийн талбайд 107 хонин толгой мал ногдож байна.

Ийнхүү малын тоо бэлчээрийн даацаас 35 хувиар хэтэрч, малын төрөл хоорондын харьцаа, сүргийн бүтэц эдийн засгийн хувьд төдийлөн тохиромжтой биш байна гэсэн судалгаа гарчээ.

Мөн Монгол Улсын 330 сумын нутагт 153721 өвөлжөө, хаваржаа байгаагаас 105321 малчин өрх эзэмшиж байна.

Иймээс цаашид улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай отрын бүс нутгийг шинээр байгуулж, ашиглалт хамгаалалтыг сайжруулахад анхаарах шаардлага үүсч байна гэж салбарын мэргэжилтнүүд ярилаа.

Ховд аймгийн тухайд 17 сумын 91 багийн нутаг дэвсгэрт 8000 гаруй малчин өрхийн 3.6 сая орчим мал хаваржиж байна.  

Судалгаагаар бэлчээрийн даац Ховд нутгийн 50 орчим хувьд 1-3  дахин хэтэрсэн, 25 орчим хувьд 3-аас дээш олон дахин хэтэрч гарсан. Иймээс зарим сумын малчид хил залгаа аймаг, сумдын нутагт отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр ажиллаж байгаа. 

Бэлчээрийн даац 5-аас дээш олон дахин хэтэрсэн нутгийн 14 хувь нь сумдын төвийн багууд байна. Тус багуудын бэлчээрийн талбайн хэмжээ маш бага байдгаас жил бүрийн даац олон дахин хэтрэлтэй гардаг аж.      

  

関連ニュース