Малчин Б.Батцэнгэл: Нэг ямаанаас 450-550 гр ноолуур, хониноос 1280-1500 гр ноос авч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн малчин Баатар-Аюушийн Батцэнгэлийн гэр бүл энэ жил “Монгол Улсын аварга малчин өрх” болж, шагналаа гардан авлаа.
Хар ус нуурын хөвөөнд
Жаргалант хайрхан уулынхаа бэлийг түшиглэн нутагладаг малчин Б.Батцэнгэлийнх “Салын
ам” хэмээх газар хаваржиж байна.
18 жил мал маллаж байгаа
Б. Батцэнгэл нь 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 1450 толгой мал
тоолуулсан байна. Тэрбээр сүүлийн жилүүдэд малынхаа чанар, үүлдэр угсааг
сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд Дарви сумаас
Сутай омгийн хуц, Увс аймгийн Өлгий сумаас ухна худалдан авч, үржилд сайжруулан
ашиглаж байгаа нь зохих үр дүнгээ өгч буй. Өөрөөр хэлбэл, малын ноос ноолуурын
гарц нэмэгдэж дунджаар нэг ямаанаас 450-550 гр ноолуур, хониноос 1280-1500 гр
ноос авч байгаа нь орон нутгийн дундаж үзүүлэлтээс дээгүүр үзүүлэлт аж.
2011 онд нутгийн шилмэл,
өндөр ашиг шимт мал шалгаруулах үзэсгэлэн худалдаагаар тэдний сууриас
бойжуулсан эм ямаанаас ноолуур, сүүний чиглэлийн ямаанаас хоёр литр сүү гарч,
“Алтан медаль” болон “Шилмэл сүрэг”-ийн гэрчилгээ авчээ.
Мөн малынхаа сүү цагаан
идээг бүрэн ашиглаж сүүлийн гурван жилд аймаг орон нутгийн зах зээлд 580 гаруй
толгой мал борлуулж, мал аж ахуйн үйлдвэрлэлээс 34.7-56.6 сая төгрөгийн орлого
олж амьжиргаагаа дээшлүүлжээ.
Малчин Б.Батцэнгэл нь мал
аж ахуйгаас олсон орлогоороо сум, баг, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр
оруулж, дэмжлэг үзүүлж байна. Үүний зэрэгцээ хөдөөд ажлын байр нэмэгдүүлэх
ядуурлыг бууруулахад анхаарч Ч.Чихэрбаатар, Ч.Энх-Амгалан, Д,Бямбадорж нарыг
туслах малчнаар ажиллуулан, сард 400.0-550.0 төгрөгийн цалинг тогтмол өгөхөөс
гадна үржлийн хонь 30, ямаа 20 нийт 50 бог өгч малжуулсан байна. Мөн
Л.Балжиннямыг туслах малчнаар ажилуулж 120 ямаа, багийн сан байгуулахад 500.0
мянган төгрөг өгч дэмжсэн аж.
Эднийх малаа уналга,
эдэлгээ саалинд сургаж ашиг шимийг нь бүрэн ашиглаж, гэрийн нөхцөлд тос, хорхой
ааруул, гүүний айраг боловсруулан зах зээлд нийлүүлж байна.
Түүнчлэн багийн Иргэдийн
Нийтийн Хурлаас гаргасан дүрэм, журам, тогтоолыг баримтлан отор нүүдэл хийх,
бэлчээр уст цэгийг хуваарьтай ашиглахад онцгой анхаарч, алсын отор хийх,
ашиглагдахгүй байгаа бэлчээр нутгийг ашиглахад манлайлж ажиллаж байна гэж сумын
удирдлагууд онцоллоо.
Сонирхуулахад, Чандмань сумаас төрөн
гарсан Монгол Улсын гавьяат малчин Ж.Дулам бол шинэхэн Монгол Улсын аварга
малчин Б.Батцэнгэлийн ээж юм.
Бэлчээрийг зүй зохистой
хуваарилж, хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд сум багтайгаар
хамтран үлгэр жишээ ажиллаж ирсэн малчин Б.Батцэнгэлийн
гэр бүл тус сумаас тодорсон Монгол Улсын
22 дахь аварга малчин өрх гэдгээрээ онцлогтой.




