Өрх бүр тариалалт хийх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-03-07 12:14:03

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд өвөл, зуны хүлэмжтэй аж ахуйн нэгж, иргэд цөөхөн байна. Иймээс хүлэмжийн аж ахуйг орон нутагт хөгжүүлэх, өвлийн хүлэмжийн аж ахуйн ач холбогдол, түүнийг барих аргачлалыг иргэдэд танин мэдүүлэх зорилгоор Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мандал турс монголиа ХХК, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс хамтран “Хүлэмжийн аж ахуй, таримлын агро техник” сургалтыг энэ сарын 5-нд зохион байгууллаа. 

Энэ удаагийн сургалтад хүлэмжийн аж ахуй эрхлэгч болон сонирхогчдын төлөөлөл 70 орчим иргэн, аж ахуйн нэгж оролцсон.

Тун удахгүй хаврын тариалалтын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан энэ удаагийн сургалтын үеэр хүлэмжийн аж ахуй болон үр үрсэлгээ бэлтгэх, хөрс боловсруулалт, бордоо түүний зохистой хэрэглээний талаар мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Мөн өвлийн хүлэмж байгуулах чиглэлээр асуулт, хариултын үйл ажиллагаа явуулснаар анхан шатны болон хүлэмжийн аж ахуй эрхлэх сонирхолтой хүмүүст маш хэрэгтэй сургалт болсныг албаныхан онцолж байна.   

2012 оноос эхлэн аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Мандал турс монголиа” ХХК-ийн тухайд жилийн 4 улиралд эрүүл, аюулгүй хүнсний ногоо тарьж ургуулах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжид өвөл, зуны хүлэмжийг захиалгаар нийлүүлдэг бөгөөд хүнсний ногооны үр үрсэлгээ, мөн агро техникийн зөвлөх үйлчилгээг ийнхүү орон нутагт нэвтрүүлж байгаагаараа онцлогтой.  

Тариалалтын ажилд өвлийн нарлаг хүлэмж мөн зуны нийллэг хальсан хүлэмж, сайн сортын үр, үрсэлгээ чухал ач холбогдолтой бөгөөд зориулалтын талбай, хашаандаа эрүүл эко ногоо тарьж, өрх бүр тариалалт хийх, тариаланч болох боломж нээлттэй байгааг энэ удаагийн сургалтын явцад албаныхан онцолж байлаа.     

関連ニュース