Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 9-11-ний өдөр болж байна.
Коронавирусний халдварын
улмаас үүссэн нөхцөл байдалтай уялдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөө сүүлийн хоёр жил
алгасч энэ онд зохион байгуулж байна.
Ховд аймгийн эрүүл
мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн 100 орчим байгууллагын 1369 эмч, эмнэлгийн
мэргэжилтэн ажиллаж байгаагаас энэ удаагийн зөвлөгөөнд 120 гаруй удирдах
ажилтан оролцож, өнгөрсөн оны ажлаа дүгнэхийн зэрэгцээ цаашдын чиг хандлагаа
тодорхойллоо.
Өөрөөр хэлбэл, Ховд
аймгийн эрүүл мэндийн салбарынхан 2022 оныг “Эмнэлгийн тусламжийн чанар,
аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон ажиллахаар төлөвлөөд байна.
Энэ хүрээнд иргэн бүрт эрүүл
мэндийн тусламж, үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай хүргэх, эх, хүүхдийн
эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлд түлхүү анхаарч ажиллах шаардлагатай гэж албаныхан
онцоллоо.
Мөн энэ үеэр Бүсийн
оношилгоо, эмчилгээний төв болон сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд өөрсдийн сайн
туршлагаа хуваалцаж байна.
Ховд аймгийн Эрүүл
мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үр дүнд эрүүл мэндийн байгууллага болон
салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, үйлчлүүлэгчдэд ээлтэй эерэг хандлагыг
бий болгох боломж бүрдэх аж.
Мөн эрүүл мэндийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчны
шинэчлэл, санхүүжилтын шинэчлэл, бүх нийтийн эрүүл мэндийн эрт илрүүлэг,
урьдчилан сэргийлэх үзлэгийн зохион байгуулалт, анхаарах асуудлын талаар
оролцогчид нэгдсэн мэдээлэлтэй болж байна.
Ташрамд, Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарт 2021 оны 11 дүгээр сарын 15-ны
өдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалт болон урсгал зардлаар 2821.8 сая,
аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сан, Хөшөөт хөгжил сангийн санхүүжилтээр
188.5 сая, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр 122.0 сая төгрөг, хандив тусламжаар
211.9 сая төгрөг гээд нийт 3344.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.