Ховд аймагт 11 мянга гаруй газар зүйн нэр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд газар нутгийн нэрийг тодруулах, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх ажлыг шат дараатай хэрэгжүүлж буй.
Ховд аймгийн хэмжээнд УИХ-ын
42 дугаар тогтоолоор батлагдсан 11 мянга гаруй газар зүйн нэршил байгаа бөгөөд
6000 гаруй газрын нэрийг шинээр тодотгох шаардлагатай гэж үзэж байна.
Үүнтэй холбогдуулан Ховд
аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хар нуур-Ховд голын
сав газрын захиргаанаас газар зүйн нэршлийг бүртгэлжүүлэх, албажуулах ажлын
хүрээнд “Газар зүйн нэрийн салбар зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг өнөөдөр хуралдууллаа.
Энэ удаагийн өргөтгөсөн
хуралдаанд аймгийн газар зүйн нэрийн салбар зөвлөлийн гишүүд болон сумдын дэд
зөвлөл, байгаль орчин, хөдөө аж ахуй салбарын холбогдох байгууллагын төлөөлөл 60 гаруй хүн оролцов.
Газар зүйн нэр нь тухайн
улс, үндэстний үгсийн сангийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд соёлын өвийн
онцгой нэгэн төрөл зүйл хэмээгддэг. Сүүлийн жилүүдэд хүн амын суурьшилд ихээхэн
өөрчлөлт гарсаар олон зуун жилийн түүхтэй уламжлалт газар зүйн нэр мартагдах
болсон төдийгүй дур мэдэн шинээр нэр өгөх, өөрчлөх, хэвлэл мэдээлэл, ном
товхимол, газрын зурагт янз бүрээр бичиж нийтлэх тохиолдол ажиглагдаж байгаа аж.
Иймээс газар зүйн нэрийг хамгаалах, журамлах асуудлууд орхигдох учиргүй
бөгөөд газрын нэрийг үнэн зөв бичиж, хэрэглэх нь хойч үеийнхэнд чухал ач тустай
гэж албаныхан онцоллоо.
Цаашид орон нутагт газар
зүйн нэрийн хээрийн тодруулалт хийх, газар, усны нэрийг албан хэрэг, олон
нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх,
тухайн орон нутагтаа иргэдийнхээ дунд сэргээн хэвшүүлэхтэй холбоотой ажлыг шат
дараатай хэрэгжүүлэх бөгөөд шинээр тодруулах шаардлагатай байгаа 6000 гаруй
газар зүйн нэрийн хээрийн тодруулалтын ажлын зардлыг орон нутгийн төсөвт
тусгуулах талаар нэгдсэн шийдэлд хүрэхээр энэ удаагийн хуралд оролцогчид төлөвлөсөн
байна.